Харизм бол харилцаж буй хүндээ анхаарлаа бүрэн хандуулах, халуун дотно мэдрэмж төрүүлэх, хүчирхэг байх гэсэн гурван шинжээр илэрдэг. Биеэ авч яваа байдал, нүүрний хувирал, дуу хоолой, биеийн хэлэмжээрээ олон нийтэд урам зориг, итгэл найдвар төрүүлдэг. Ерөөс харизм нь хүний дотоод сэтгэлээс гардаг.
Өөрөөр хэлбэл, харизм бол улстөрчийг бүрдүүлдэг салшгүй хэсэг нь юм.
Харизмын тухай бодол маань Н.Номтойбаяр руу хөтлөв. Тэр бол харизмтай улстөрч. Өөрийн гэсэн зан төрхтэй, шулуун тодорхой байдалтай. Онолд заасан, практикт илэрсэн харизмын шалтгаан нь түүний шулуун зан чанар, үнэн байдал аж.
Энэ зан чанар дандаа хэрэгтэй байдаггүй ч байж мэднэ. Гэхдээ л тэдгээр нь нийлээд Н.Номтойбаярыг “бүтээдэг” юм байна. Түүнийг УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдсөнөөс хойш энэ бүхэн илүү тодорсон юм.
Арав гаруй жил улс төрд, найман жил УИХ-д суусан энэ эрхмийг мэдэхгүй хүн Монголд “нэн ховор” юм.
Дөрвөн жил суухдаа нэрээ ч таниулж амжаагүй гишүүд хэд гурваараа байхад Н.Номтойбаярын тухай бид дэндүү ихийг мэднэ л гэж бодоцгоодог байх. Би ч тэгж бодож байлаа.
Гэтэл үгүй ажээ.
Тэгэхээр Н.Номтойбаярын талаар таны муухан, бараг мэдэхгүй, өөрийнхөө мэдэх бага сага мэдээллийг хуваалцъя гэж бодлоо.
Н.Номтойбаяр нэг тийм эрхийн тэнэг, дуртай юмаа авах гээд л сарвайж байдаг тийм хүмүүжлээр хүмүүжээгүй. Яг л хэм хэмжээндээ өссөн гэдэг. Тэр нь юу юм гэхээр гэр бүлийнх нь түүхэнд хэцүү үе байсан шүү дээ. Ерээд онд бүх л айл хэцүү байсан. Бусдын л адил. Тэрийг бүгд л бид даван туулж л байсан шүү дээ. Адилхан картын бараагаараа л амьдардаг. Нөгөө картыг чинь скочидчихоод л дэлгүүрт дугаарлаад л явж байсан. Харин баялаг нь юу байсан бэ гэхээр мэдлэг боловсрол л байсан. Н.Номтойбаярын өвөөгөөс аавд нь асар их мэдлэг боловсрол хадгалагдаж үлдсэн гэдэг. Яг үнэндээ Н.Номтойбаяр үе тэнгийн залуучуудаасаа нэг их ялгараад, онцгойроод авьяас чадвартай байгаагүй гэж өөрөө ярьдаг. Нэг их илүүрхэхгүй гэсэн үг. Харин хийж бүтээе гэсэн хүсэл эрмэлзлэлээр нь эрэмбэлэх юм бол өөр. Тэр байнга шатаж явдаг. Хийж бүтээе гэж зорьж яваа зөндөө юм түүнд байдаг.
Багын найз нөхдүүдтэйгээ одоо ч тогтсон харилцаатай. Чулуугаар байлдаж, ноцолдож ноололдож өссөн бусдын л адилаар өссөн Н.Номтойбаярыг илүү найз нөхөд амьтай хүн гэхэд болно.
Харин сул тал нь “гэр амь” тал дээр баахан тааруу гэж байгаа. Сүүлийн жилүүдэд улс төрийн амьдралд орсон нь ч үүнтэй холбоотой биз.
Их хурлын гишүүн, Монгол төрийн түшээ байна гэдэг уншиж судлах шаардлагатай зүйлсдээ баригдаад, дараагийн ажлуудынхаа бэлтгэлийг хангах, бичиг баримт боловсруулах гээд түмэн ажлуудтай ноцолдож өдрийг өнгөрөөнө. Заримдаа тамтай ч юм шиг санагдах, залуу үеийн амьдралаа хэцүү дарамттай амьдралаар сольсон юм шиг бодогдож бачимдах үе ч түүнд тулгардаг байсан байх. Мэдээж зөрчил ихээхэн тулгарч таарна.
Адаглаад л Монгол шиг ядуу орны иргэн даруу байх ёстой. Жижиг орны улстөрч юм чинь ноолойгоод л явж байх ёстой гэх маягийн яриа Н.Номтойбаярт таалагддаггүй. “Яагаад бид тийм байх ёстой юм бэ” л гэнэ. Өөрийнх нь цаг, костюм, гутал хямдхан биш. Гэхдээ тэр бүхнийг хувь хүний соёлын л асуудал гэж үзнэ. Ерөөсөө л “Бид ийм л ядуу орны иргэд юм чинь яг л үүнтэйгээ дасан зохицсон буурай соёлтой, тийм сэтгэл зүйтэй л байх ёстой гэвэл би санал нийлж чадахгүй” гэдэг хүн байгаа юм. Бас “Би тийм амжилтад хүрнэ гэж яагаад залуу хүн бодож болохгүй гэж. Бүгд л нэг ноорхой ноолууран цамцаа өмсөөд, адилхан дарханы нэхийгээ өмсөөд яваад байвал болж байна л даа. Гэхдээ ямартай ч ширхэг хадаасны тендер төсвөөс авч үзээгүй надад бол нууж хаагаад байх юм алга. Харин юу хийдэг нь нууц нэг улстөрч баагий маш үнэтэй машин унаад л, маш үнэтэй цаг зүүгээд яваад байвал тэр л харин эвгүй байх” гэж адарна. Тэр угаасаа ийм хүн.
Мөн түүний улс төрийн замналынх нь сонирхчихмоор түүх их бий.
2008 онд Ерөнхий сайд С.Баяр сонгуулийн дараа “Хамтарсан Засгийн газар байгуулж ажиллавал ямар вэ. Ийм шийдэл гаргавал жишээ нь чи яаж харах вэ” гэж Н.Номтойбаяраас асууж байжээ. Хачин байна уу. Тэгэхэд Н.Номтойбаяр тагнуулд офицер байжээ. Төрийн гурван өндөрлөг ийш тийшээ явахад бас дагаж явдаг журамтай. Н.Номтойбаяр дагаж явж таарч л дээ, тэр үед. Тэгэхэд С.Баяр Н.Номтойбаяраас гэнэт асуусан нь тэр байж. Н.Номтойбаяр тэр асуултад хариулж чадаагүй байгаа юм. Асууж байсан асуулт нь юу гэхээр “Манай нам парламентад олонх болсон. 46 суудалтай. Засгаа дангаараа бүрдүүлэх ёстой ч гэсэн би энэ удаад Ардчилсан намыг уриад хамтарсан Засгийн газар байгуулаад эдийн засгийн хүрээнд шийдвэрлэх ёстой асуудлуудаа шийдэх гарцыг бодож байна. Томоохон төсөл хөтөлбөрүүдийг хамтраад явуулъя гэсэн бодолтой байна. Чи юу гэж бодож байна вэ” гэсэн байгаа юм. Бас нэг ийм төвшний залуу хүний бодлыг сонирхоё гэж С.Баяр бодсон биз. Харин Н.Номтойбаяр их гайхсан гэдэг юм. Хариулахад ч их хэцүү байсан байх. Уг нь “Улс орны эдийн засгаа бодох юм бол болж байна” гэж бодсон ч юм хэлж чадаагүй гэдэг. Тэр тусмаа Н.Номтойбаяр тэр үед Сөрөх тагнуулын газарт яг эдийн засгийн аюулгүй байдлыг хариуцаж ажиллаж байж. Тэгээд “Би яг одоо шууд хариулж чадахгүй байна” гэдгээ хэлж л дээ.
Түүний дараа Н.Номтойбаяр гадаад тагнуулын газарт ажиллаж байж байгаад яах ч аргагүй, үнэхээр хүнд хэцүү болоод л өөрөө өргөдөл өгөөд гарч байсан гэдэг. Хүмүүс бол халагдсан гэж ярьдаг. Харин ч гавьяа шагнал аваад явж байжээ. Гэхдээ өөрөө өргөдөл өгөөд гарсан байгаа юм. Тэр нь юу гэхээр Төрийн өндөр дээд албан тушаалтан “МАК”-ийг шалгах хөдөлгөөн өрнүүлжээ. Тэр үед Н.Номтойбаярын аавын бие тааруухан, эмчилгээнд явчихсан, хэцүүхэн ч үе байж. Тэгээд л Н.Номтойбаяр бага насны мөрөөдлөөрөө сонгосон тавилангаа орхиход хүрч байна. Тухайн үед ТЕГ-ын дарга Р.Болд Н.Номтойбаярыг тагнуулаас гаргуулахгүй байх талаас нь Ерөнхий сайдтай ярилцаад явж байсан гэдэг.
Чухамдаа тэр үед л Н.Номтойбаяр “За за, тэгвэл магистраа хийчихээд улс төр рүү алхах цаг иржээ” гээд л шийдвэрээ гаргаж байсан гэдэг.
Н.Номтойбаяр 2012 онд намаасаа Дорнодод нэр дэвшээд УИХ-д орж ирэв.
Н.Номтойбаярын дараагийн улс төрийн амьдралыг бид хангалттай мэднэ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, ер нь уугуул намынх нь журмын нөхөдтэйгээ яасан ийснийг багцаалдаг.
Харин түүний дотроос залуус нь, ах нар нь хэрхэн харагддаг. Аав ээжийгээ гэр бүлээ мань эр юу гэж хэлэхийг тэр бүр сонсоогүй байж мэднэ.
Тэрээр МАН-ын НАМЗХ-ны ерөнхийлөгч байв. Тэр утгаараа ч юм уу, залуусын талаарх үзэл бодол нь огт өөр байдаг байж мэднэ. Н.Номтойбаяр залуусыг нэг их хэвэнд цутгасан юм шиг байх дэмий гэж үздэг. Залуучуудын холбоо гэдэг чинь өөрөө олон өнгөтэй байх ёстой. Залуус өөрсдөө олон өнцөгтэй байх ёстой. Аливаа нэг асуудлыг шийдэхдээ хүн болгон өөрсдийнхөө байр суурийг чөлөөтэй илэрхийлдэг, эндээсээ бүгд мэдээгүй юмаа мэдэж авдаг, тооцоолоогүй тэр өнцгөө өөр нөхдүүдээсээ олж хардаг.Тэгж бие биенээ хүмүүжүүлээд явах нь л хамгийн чухал гэдэг. Харин Н.Номтойбаяр “Залуу хүн хүлээцтэй л байх ёстой. Залуу хүнд заяанаасаа дутуу гэж бусдын хардаг болгоныг хамгийн түрүүнд нөхөж олж авч явах хэрэгтэй” гэж үздэг юм билээ.
Харин ах нарын тухайд “Дандаа өнгөрснөө яриад байна. Үргэлж өнгөрснөө л ярьж байна. “Эд нар чинь хулхи шүү. Ийм тийм хударгагүй шүү, биднийг ингэж байсан юм шүү” гээд л. Энэ үнэхээр залуучууд бидэнд залхмаар санагдаж байна” гэж хэлдэг. Тухайлбал, Ц.Нямдорж гуай Бага хурлын индэр дээр гараад үгээ хэлэхдээ “Наадуул чинь тэгж ингэж хулхидаж байсан шүү” гээд л ярьдаг. Дандаа өнгөрсөн цаг дээр. Дандаа хөндүүр юмаа түшиж, сэтгэлийн шархаа сэдрээж сануулаад байх юм. Тэгээд заавал одоо цагт бид өнгөрснөө яриад л, өш хонзон санаад яваад байх юм уу. Бас дээрээс нь их зан гаргаад байх шаардлагагүй. Бид нар тэгж явснаараа юу хожих юм” гэнэ.
Аавынхаа тухайд “Манай аав бол маш хөдөлмөрч хүн. Үнэхээр хөдөлмөрийн үр шимийг маш сайн мэддэг. Хөдөлмөрлөхийн хүнд хэцүүг нугачаа даваа болгоноор нь насаараа туулсан хүн” гэж ярина. Нэг зүйлийг хэлэхэд Н.Номтойбаярыг Н.Алтанхуяг Ерөнхий сайдтай маргалдаж байсан үед, бас Н.Батбаяр сайдыг огцруулах асуудал тавихад аав нь надад “хэдэн үг” хэлж байжээ. Б.Нямтайшир гуай “Чи яг ямар үндэслэл дээр суурилж дүгнэлтээ гаргаж байна вэ” гэж асуудаг гэж байгаа. Харин Н.Номтойбаяр өөрийн бодлоо хэлдэг гэж байгаа. Харин Н.Номтойбаярын ярьснаар ээж нь гэр орны уураг тархи гэсэн үг. Хувь хүний тухайд их амьдрал үзсэн хүн. Их хүнд хэцүү амьдралыг багадаа туулж байсан. Мэдлэг боловсролын хувьд бол мундаг. Ээжийгээ гээд мундаг гээд байгаа юм биш. Философи их судалдаг. Шашны гүн ухаан судалдаг хүн. Аливаад маш цөөн үгээр онч голыг нь олж л дуугардаг ажээ.
Тэднийх хэлмэгдүүлэлтийн хар шуурганд бас л өртсөн гэр бүл. Учир нь тэд буриадууд юм чинь. Хэлмэгдүүлж, хэдэн үеэр нь зовоож байсан гашуун үе тэдэнд тохиолдсон байдаг. Хожим хэлмэгдүүлэхээс гадна хулхидаж хуурч мэхэлж байсан өчнөөн тохиолдлууд бий гэдэг. “Гэхдээ ийм зүйлд өш санахгүй. Маш буруу. Ялалт нь хийсэн бүтээсэн юмтай, гэрэл гэгээтэй амьдралыг туулах шүү дээ. Үүнийг л маш том ялалт гэж би хардаг” гэж Н.Номтойбаяр үзнэ.
Бас тэрээр “Нэг л жижигхэн Монгол улс шүү дээ. Гэтэл бид хэмлэлдээд л, бие биенийхээ ухархайг ухалцаад яваад байдаг. Эцсийн дүндээ хэн хожив. Хэн ч хожоогүй шүү дээ. Би л лав өөрийгөө хожсон, ялсан гэж үзэхгүй байна. Намаа хожчихлоо гэж бодохгүй байна. Тэгээд би эндээс юу харсан бэ гэхээр ер нь энэ улс төржилт дээр чинь бас хил хязгаар, хэр хэмжээ гэж байх ёстой юм байна. Уг нь улс төржилт гэдэг үг өөрөө бол их гоё үг байхгүй юу. Хяналт тавьж, хариуцлага нэхэж ажилллах чинь л улстөржилт шүү дээ. Даанч улстөржилт гэхээр манайд буруу ойлголт явдаг болчихоод байна. Тэгэхээр би нэгэнт буруу тогтсон ойлголтын хүрээнд нь хэлье. Улстөржилтөд заавал хил хязгаар байх ёстой юм байна. Бид хэтэрхий их улстөржөөд үндэснийхээ язгуур эрх ашиг руу хэлбийж ороод байна . Хэм хэмжээг хаа хаанаа тогтоох цаг болж” гэж байна. Бас “би цэргийн хүн. Цэргийн хүмүүст тавигддаг нэг тийм зарчим байдаг л даа. Хоёр ижил цолтой цэргийн хүн учирхад илүү их цэргийн хүмүүжлээр хүмүүжсэн нь, илүү зарчимтай, ёс зүйтэй нь, илүү түүхтэй нь түрүүлж ёсолдог. Одоо би дэд хурандаа цолтой хүн байлаа гэхэд адилхан дэд хурандаатайгаа таарахад яг адилхан зиндааны цолтой хоёрын хэн илүү хүлээцтэй, тэвчээртэй нь, соёлтой нь л түрүүлж ёсолдог байхгүй юу. Тэгэхээр заавал энэ хүнд үед өш санаад л, гомдол тээгээд ихэрхээд явах хэрэггүй. Одоогийн энэ зовлонтой байдал 100 хувь бидэнд хамааралгүй биш шүү дээ. Мэдээж тодорхой хэмжээнд сургамж ирж байна. Мэдээд л авчихъя л даа. Ерөөсөө эд нар чинь зангаа хувиргадаг шүү. Ханилж яваад хадардаг шүү. Хүний үнэргүй зан ааш гаргаад явдаг шүү гээд мэдээд л авчихсан. Гэхдээ тэд тэгж байсан гээд улс орноо ийм байдалд байхад яах юм. Энэ зовлон дээрээ л цуглаж байгаа гэдгээ ухаарах хэрэгтэй. Үнэндээ бодоод үзэхээр төрийн аливаа хямралууд ерөөсөө хувь хүмүүсийн л үл ойлголцлын асуудлаас болж байсан юм байна” гэж байгаа юм. Ийм үг Н.Номтойбаяраас л гарч байна. Ер нь Н.Номтойбаяр гэж ийм л этгээд юм шүү.
Эх сурвалж: News1.mn
Сэтгэгдэл (34)