АН-ын ҮБХ-ны хурал дуусаж, нэр дэвшигчдийг тодруулах нууц санал хураалт явагдаж байна. Энэ үеэр тус намын гишүүн, НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат "Уг нь дүрмээрээ явах ёстой. Гэтэл залуучуудынхаа боломжийг хулгайлж байна. Горилж байгаа хүн бүр нэр дэвших албагүй. Магадгүй үндэсний хэмжээний лидер байж болно. Судалгаагаар рейтинг өндөр гарсан байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ З.Энхболд гэдэг хүн Баянзүрх дүүрэгт юу хийсэн юм бэ. Өмнө Өвөрхангай аймгаас нэр дэвшсэн. Баянгол дүүрэгт нэр дэвшээд унаж байсан. Нэг л өдөр залуучуудын боломжийг хааж, хамгийн боломжтой тойрогт нэр дэвших гэж байна. Энэ ардчилал юм уу.
Боломжийн хулгай байгаа биз дээ. Өнөөдрийн ҮБХ-ны хурал өглөө нээлт хийсэн. Өдөр завсарласан, цахимаар хуралдсан болоод одоо санал хураалт явагдаж байна. Би бол санал хураалтын хуудсыг урчихаад гараад ирлээ. Дүрэм бол дүрэм байх ёстой. Залуучууд нь дүрмээ баримталж байхад юу ч болоогүй юм шииг өөдөөс инээж сууж байх юм, тэр З.Энхболд гэж хүн.
УИХ-ын 2016 оны сонгуульд АН-ыг ялагдуулсан хүн намын даргын дэргэд суугаад намын бодлогыг тодорхойлоод сууж байна. Ингэж болох уу. Би 100 сая төгрөгөө тушаасан. Одоо нэр дэвших боломжгүй болсон. Зөвхөн 100 сая төгрөгөөс болж бухимдсан юм биш. Залуу гишүүдтэй холбоотой асуудал учир бухимдаж байна" гэв.
Сэтгэгдэл (15)