УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ тодруулахаар МАН-ын Бага хурал 10.00 цагаас хуралдаж, түр завсарласан бол МАН-ын Үндэсний бодлогын хороо яг одоо хуралдаж байна.
Тэгвэл МАХН-ын Бага хурал өнөөдөр 16.00 цагаас хуралдаж нэр дэвшигчдээ тодруулахаар болжээ.
Энэ удаагийн сонгуульд экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг өрсөлдөнө гэх мэдээлэл өмнө нь цацагдаж байсан. Харин Үндсэн хуулийн цэцийн 2020 оны тавдугаар сарын 6-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн холбогдох заалт Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэх үеэр ийм боломж хязгаарлагдсан юм.
Тухайлбал, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.8 дахь хэсэгт “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно.”,
32 дугаар зүйлийн 32.2.9 дэх заалтад “авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байсан эсэх талаарх холбогдох байгууллагын лавлагаа” гэсэн нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй байна гэсэн дүгнэлт гаргасан. Ингэснээр МАХН-ын дарга Н.Энхбаяр нэр дэвших эрхээ дахин хасуулсан юм.
Дашрамд дурдахад, УИХ-ын 2020 оны ээлжит сонгууль ирэх зургаадугаар сарын 24-нд болно. Энэ удаагийн ээлжит сонгуульд улс төрийн 15 нам, дөрвөн эвсэл оролцохоо мэдэгдсэн билээ.