УИХ-ын сонгуульд оролцох улс төрийн намуудын нэр дэвшигчид өнөөдөр албан ёсоор тодрох хуулийн хугацаатай. Харин бие даан нэр дэвшигчид дөрөвдүгээр сарын 24-нд Сонгуулийн ерөнхий хороонд хүсэлтээ ирүүлэх ёстой байв. Энэ хугацаанд 208 иргэн бие даахаар Сонгуулийн ерөнхий хороонд хандсан бөгөөд эдний дунд АН-ын дарга асан, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг байсан билээ. Түүнийг бие даан нэр дэвшихээр болсноо зарласны дараа АН-аасаа урвалаа, үнэт зүйлээ орхилоо гэсэн бор шувууг нийгмийн сүлжээгээр нисгэж эхэлсэн. Гэсэн ч тэрбээр бие даан нэр дэвшихээр болсны учиг өнөөдөр тайлагдаж байна. Дөнгөж саяхан Н.Алтанхуяг өөрийн фэйсбүүкээр дамжуулан өөрийг нь АН-аас хассан тухай бичгийг гаргаж тавьжээ. Жилийн өмнө АН-ын дарга С.Эрдэнэ түүнийг намын гишүүнээс хассан тухай мэдэгдэж байсан ч түүнийгээ энэ дөрөвдүгээр сард булзааруулан ярилцлага өгч байсан.
Ингэхдээ С.Эрдэнэ дарга Н.Алтанхуяг АН-ын гишүүн хэвээрээ, намын гишүүнчлэлийг нь хассан зүйл байхгүй хэмээж байсан билээ. Тэгвэл Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн дэлгэсэн өнөөдрийн албан бичгээс харвал С.Эрдэнэ дарга энэ дөрөвдүгээр сард ярилцлага өгөхдөө худал хэлжээ. АН-ын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Ч.Чулуунчимэгийн ирүүлсэн албан тоотоос харвал намын дарга асан, Ерөнхий сайд асан, АН-ыг таван удаа ялуулж байсан Норовын Алтанхуягийг 2019 оны дөрөвдүгээр сард дөрвөн жилийн хугацаатайгаар намаас хассан тушаал гаргаж байсан юм байна. Энэхүү албан тоотыг Н.Алтанхуяг бие даан нэр дэвшихээр болсноо зарласан өдрөөс дөрөв хоногийн өмнө Хэрэг эрхлэх газрын дэд дарга Ч.Чулуунчимэг ирүүлсэн байна. Энэ тухай Н.Алтанхуяг өөрийн фэйсбүүктээ “Жилийн өмнө АН-ын дарга С.Эрдэнэ намайг АН-аас хассан тухай телевизээр олон нийтэд зарласан. Түүнээс хойш хассан тухай бичиг ирээгүй тул би арай ч хасаагүй юм байна гэж бодож байлаа. Тиймээс саяхан 4 сарын 17-нд хассан эсэхийг тодруулахаар С.Эрдэнэд бичиг явуулсан. Гэтэл намайг АН-аас хассаныг нотолсон албан бичиг ирлээ. Ингээд намаасаа хасагдаагүй байх гэсэн миний найдвар үгүй болж бие даахаас өөр аргагүй болсон. Ардчилсан намын даргаар 6 жил ажиллаж Та бүхэнтэйгээ хамтран 5 ялалт байгуулж байснаараа бахархаж явдаг аа. Та нартайгаа хамт шүү!” гэж дурдсан байна.
А.Болд
Сэтгэгдэл (10)