АН-ын ҮБХ-ны хурал 12.00 цагаа эхэллээ. Хуралд АН-ын шинэ гишүүн О.Баасанхүү оролцохоор ирэх үеэрээ сэтгүүлчдийн асуусан асуултад хариулт өглөө.
-Та Эрдэнэт хотоос нэр дэвших хэвээрээ юү?
-Хүсэлтээ өгсөн. ҮБХ-ны хурлаас шийдэх байх.
-ҮБХ-ны хурал хэр шударга явагдах бол?
-Одоо л харъя. Анх удаагаа сууж үзэх гэж байна.
-Та намынхаа даргатай багагүй муудалцаж байсан хүн. Нэр дэвшүүлэх болов уу?
-Би АН-ын даргатай битгий хэл, МАН-ын даргатай, Монгол Улсын Ерөнхийлөгчтэй ч муудалцдаг хүн. Та бүхэн нэг зүйлийг ойлго. Энэ нь эрх мэдэлтэй хүнтэй муудалцах нь зөв. Яагаад гэвэл, би хулгай, дээрэм, хүчин, хүн амины хэрэг хийгээгүй. Ийм хэрэг хийсэн, дээр нь ЖДҮ-чин гишүүдтэй тэмцэх гэж ганцаараа их зүтгэсэн. ЖДҮ-чидтэй яаж тэмцсэнийг та бүхэн мэдэх. Би хүн бүртэй ам сөрөх биш зарчим ярьдаг.
-Та Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудлыг шүүмжилдэг. Гэтэл энэ асуудалтай холбоотой хүмүүс тантай нэг намаас өрсөлдөх гэж байна шүү дээ. Болно гэж үү?
-Ийм юм л даа. Эрдэнэтийн 49 хувьтай холбогдсон хүмүүсийг шоронд хийх ёстой. Гэхдээ хамгийн ноцтой зүйл нь юу бэ гэхээр, 49 хувиар далимдуулж нэг их наяд төгрөгийн хулгайн асуудлыг нуух гэж байна. Удахгүй үүний баримтыг дэлгэнэ. 9.8 тэрбум төгрөгийн худалдан авалтыг тендер зарлалгүйгээр хийсэн. Энэ талаарх мэдээлэл цацагдсан. Та бүхэн харсан байх. Эрдэнэт үйлдвэрт онц байдал зарласан. Энэ өдрөө буюу дөрөвдүгээр сарын 17-нд компаниа бүртгүүлж тавдугаар сарын 11-нд 9.8 тэрбум төгрөгийн худалдан авалтыг компаниудад хуваарилж өгсөн. Нэг ёсондоо шахаа хийсэн. Миний хэлэх гэсэн санаа бол Ц.Элбэгдорж, сахал Эрдэнэбилэг гээд эрх мэдэлгүй иргэнийг шалгаж, хориход хуулийн байгууллагад асуудал байхгүй.
-С.Баярцогт нэр дэвшинэ гэсэн шүү дээ?
-Түүний оффшор дансны асуудал яригдсан. Гэхдээ одоогийн УИХ-ийн гишүүн гадаадын байгууллагатай хамтарч тэр хүнийг шантаажилсан нь ил болсон байна лээ. Тэр баримтыг удахгүй ил болно. Өөрөөр хэлбэл, Швейцарь улсад хуулийн байгууллагад хүргүүлэхдээ ийм асуудал гарсан гэдгийг холбогдох хүмүүс нь хэлсэн. Би С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр юм хэлэхэд ТЕГ-аас гэрчийн мэдүүлэг авсан. Энэ утгаараа дуугарах эрхгүй болсон.
Г.Батхүү агсны амь насаа алдсан хэргээр бас гэрчийн мэдүүлэг авч гар, хөл тушсан. Та хуулийн байгууллагын шалгагдаж байгаа асуудлаар их ярьж байна гэж надад анхааруулсан. АТГ-аас 17 асуудлаар шалгасан. Гэхдээ өнөөдрийг хүртэл эрүүгийн хэрэг үүсгээгүй. МАН-ын зүгээс орон нутгийн намын долоон даргаа нэр дэвшүүлнэ гэсэн. Надад ирсэн мэдээллээр нийт 17 даргад нь эрүүгийн хэрэг үүсгэсэн. Гэхдээ яллагдагчаар татсангүй, харин ч сонгуульд өрсөлдүүлэх гэж байна. Өнөөдрийн байдлаар цалингаа тавьж чадахгүй байдалд хүрэх гэж байна. Сонгуульд хэн ялах бэ гэдгээс үл хамаарч Монгол Улс орших уу, эс орших уу гэдэг цаг үе дээр ирээд байна.
-Та 100 сая төгрөгөө төлсөн үү?
-Би төлөөгүй.
Сэтгэгдэл (3)