АН-ын ҮБХ-ны хурал 12.00 цагаас эхэллээ. Хуралд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж оролцохоор ирсэн. Тэрбээр “Нэр дэвшигчдэд олон шалгуур тавьсан. Шалгуур давсан хүнийг нэр дэвшүүлнэ гэсэн” гэдгийг сэтгүүлчдэд мэдээллээ. Ингээд сэтгүүлчдэд өгсөн тайлбарыг хураангуйлан хүргэе.
-Авлига, албан тушаалын хэрэгт нэр холбогдсон хүмүүс танай намаас нэр дэвших гэж байна. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?
-Ийм нэр дэвшигч байгаа эсэхийг би мэдэхгүй.
-Э.Бат-Үүл, С.Баярцогт нарын хүмүүс нэр дэвших гэж байна шүү дээ?
-АН-ын нэрээр төрд олон жил суусан хүмүүсээс аль болох зайлсхийх хэрэгтэй. Харин шинэ залуу боловсон хүчнийг дэмжих ёстой. Би үүнд итгэлтэй байна.
-Оюутолгойн гэрээтэй холбоотой хэргээр шалгагдаж байгаа улстөрч танай намаас нэр дэвших гэж байна шүү дээ?
-Би Оюутолгойн асуудлыг мэдэхгүй. Би мэдэх зүйлээ л мэднэ.
-Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудалд нэр холбогдсон Да.Ганболд, Э.Бат-Үүл, С.Баярцогт гээд хүмүүс нэр дэвших гэж байна. Зөв гэж үү?
-Эрдэнэтийн 49 хувь асуудалтай байгаа нь үнэн. Гэхдээ бид 51 хувиа бас ярих ёстой. Олон сая ам.доллар хулгай хийсэн хүмүүсийг шийтгэх асуудлыг ярих ёстой. Да.Ганболд зэрэг хүмүүс нэр дэвшихгүй байлгүй дээ.
-Эмэгтэй гишүүдийн хувьд ямар бодолтой байна вэ. Бодлогоор дэмжих үү?
-АН-ын эмэгтэй гишүүд гайхалтай эрч хүчтэй хүмүүс. 2012-2016 оны парламентад ямар хүчирхэг, ажил хэрэгч эмэгтэй гишүүд байсныг та бүхэн мэднэ. Яг үүнтэй адил эмэгтэйчүүд нэр дэвшинэ.
-АН дотооддоо хэр эв нэгдэлтэй байна вэ?
-Гайхалтай эв найрамдалтай байгаа. Энэ хурлаас нэр дэвшигчдээ тодруулах чухал шийдвэр гаргана.
Сэтгэгдэл (2)