УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчээ тодруулах МАН-ын бага хурал өнөөдөр 11.00 цагаас эхэллээ. Сангийн дэд сайд Х.Булгантуяа хотын тойрогт нэр дэвшихээр горилж байна. Түүнээс дараах зүйлийг тодруулснаа хүргэе.
-Намын удирдлагаас ёс зүйтэй, хариуцлагатай, туршлагатай улстөрчийг нэр дэвшүүлнэ гэсэн. Та энэ шаардлагад өөрийгөө тэнцэнэ гэж бодож байна уу?
-Намын бага хурлаас шийдэж, дүгнэх асуудал.
-Та хаанаас нэр дэвших хүсэлтэй байна вэ?
-Улаанбаатар хотоос гэсэн бодол бий.
-Та ямар хүнд саналаа өгөх вэ?
-Намын даргын хэлсэн шаардлагад нийцсэн хүн байх ёстой. Ийм л шаардлага тавина. Монгол Улс 2020-2024 оны хооронд 2.4 тэрбум ам.долларын өр төлөх ёстой. Дэлхий даяар нүүрлэсэн цар тахлын аюул, эдийн засгийн хямралаас гарах ёстой. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд эхлүүлсэн томоохон төслүүдийг дуусгах, эдийн засгаа тэлэх гээд олон ажил бий. Энэ утгаараа энэ удаагийн сонгууль маш хариуцлагатай байх ёстой. Нөгөөтээгүүр, улс төрийн намууд хариуцлагатай байж зөв хүнээ нэр дэвшүүлээсэй гэж хүсэж байна.
-Мандатын хувьд эмэгтэйчүүдээ шахах хандлага байх шиг байна. Бодлогоор хэр дэмжиж байна вэ?
-Эмэгтэй гишүүдийн квотыг нэмэх гэсэн боловч дэмжээгүй.
-Намын дунд шатны байгууллагаас танд дэмжлэг үзүүлсэн үү?
-Дотроо хэлэлцүүлэг өрнүүлсэн байх. Хэнийг дэвшүүлэх бэ гэдэгт судалгаа авсан юм шиг байна лээ.
-Та рейтингийн судалгаа хийсэн үү?
-Үгүй. Энэ удаагийн сонгууль боловсон хүчний ширүүн өрсөлдөөн болж байна. Энэ утгаараа зөв хүн гарч ирвэл их баярлана.
Сэтгэгдэл (2)