УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдааны үеэр Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр зам өргөн царигаар тавигдана гэдгийг Б.Энх-Амгалан сайд онцоллоо. Тодруулбал, тус байнгын хорооны хуралдаанаар “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцээс 2020 оны тавдугаар сарын 13-ны өдрийн 4 дүгээр дүгнэлтийг Улсын Их Хуралд ирүүлсэн юм. Үндсэн хуулийн цэц уг маргааныг хянан хэлэлцээд, Улсын Их Хурлаас 2014 оны аравдугаар сарын 24-ний өдөр “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” 64 дүгээр тогтоолыг батлахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж заасныг зөрчсөн талаар тусгасан байна.
Уг дүгнэлтийг Улсын Их Хурлын холбогдох байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхэд уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхөөд шийдвэрлэсэн юм. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2020 оны дөрөвдүгээр дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулж, зөрчил арилгах чиглэлээр УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3.5-д “хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр Үндсэн хуульд нийцээгүй гэсэн Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн бол ажлын 15 өдрийн дотор тухайн болон холбогдох бусад хууль, шийдвэрт зохих нэмэлт, өөрчлөлт оруулна” гэж заасны дагуу Эдийн засгийн байнгын хорооноос эл тогтоолын төслийг боловсруулжээ.
Энэ талаар Б.Энх-Амгалан сайд “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” тогтоолд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам 1520 мм-ийн царигтай, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам 1435 мм-ийн царигтай байхаар төлөвлөгдсөн. Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын 4.1.2-т “Үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах үүднээс Монгол Улсад шинээр барих төмөр зам нь одоо ашиглагдаж байгаа төмөр замын шугамтай шууд холбогдох буюу огтолцох нөхцөлд түүний царигийн өргөн нь 1520 мм байна” хэмээн заасан байдаг. Тиймээс Зүүнбаян-Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам нь нэг сүлжээ гэдгийг тайлбарласан. Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр зам өргөн царигаар тавигдана гэв.
Үүний дараа хуралдаанд оролцсон гишүүдийн 92.9 хувь нь “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулахыг дэмжсэн. Иймд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.
Сэтгэгдэл (6)