АН-ын дарга С.Эрдэнийн хэлснээр тус нам 200 мянга гаруй гишүүнтэй. Ердөө сар хүрэхгүйн өмнө С.Эрдэнэ дарга өөрөө хэлсэн болохоор үнэн статистик байх ёстой. УИХ-ын сонгуульд нэр дэвшигчээ тодруулах торгон мөч дөхөж байгаа энэ үед 200 мянган гишүүнтэй нам шигшиж, шилж шилдэг 76-гаа сойх нь тодорхой. Ийм олон гишүүнтэй намын хувьд хаанаас ч эрж хайхааргүйгээр 76 шилдэг нэр дэвшигч олдох л учиртай. Гэвч сүүлийн хэдхэн өдөр улс төрийн хүрээнд өрнөөд байгаа үйл явдлуудаас харахад АН үнэхээр 200 мянга гаруй гишүүнтэй нам мөн үү гэсэн асуулт ургаж гарч ирнэ. Үнэн бол УИХ-ын сонгуульд сойх нэр дэвшигчийн эрэлд ингэж гарах байсан гэж үү, АН. С.Эрдэнэ даргын үг хийгээд үйлдлээс харахад хоёрхон л гаргалгаа гарч байна. МАХН-аас нэр дэвшин сонгогдсон О.Баасанхүү, бие даагч С.Жавхлан, Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянга нарыг намдаа элсүүлэн нэр дэвших эрхийг хадаг болгон өгч байгаагаас нь харвал С.Эрдэнэ дарга АН-ыг 200 мянган гишүүнтэй гэж худал хэлсэн, эсвэл энэ 200 мянган гишүүндээ намын дарга нь огтоос итгэдэггүй гэсэн үг. Түүнээс биш эзнийхээ хэрэгцээнээс гарсан эд юмсыг цуглуулан “цэцэг түүж” улстөрийн оноо алдмааргүй юм. Уг нь нэр дурдсан, АН-ын шинэхэн гурван гишүүн нь улс төрийн хүрээндээ бол “цэцэг” юм шүү дээ. Тодруулахад, эзнийхээ хэрэглээнээс гарсан эд юмсыг Монгол руу ачуулахдаа БНСУ-д ажилладаг монголчууд “цэцэг түүлээ” гэдэг. Үүн лугаа улс төрийн хүрээнд аль хэдийнэ “цэцэг” болчихсон О.Баасанхүү, С.Жавхлан, Г.Уянга нарыг АН гишүүнээрээ элсүүлж, ирэх сонгуульд нэр дэвшүүлэхээр болж байна.
Н.Энхбаярын оймсноос Б.Хурцын халаас руу орсон О.Баасанхүү
Сүүлийн хоёр ч сонгуульд МАХН-аас нэр дэвшин УИХ-д сонгогдсон О.Баасанхүүд Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг тахин шүтэн, түүний төлөө тэмцэж явсан үе бий. Гэсэн ч Н.Энхбаяр даргын алдарт баривчилгааны дараанаас О.Баасанхүү нүүрээ буруулж эхэлсэн байдаг юм. Хаан байсан түүнийг харц болох үед нь хамгийн түрүүнд урвасан тойрон хүрээлэгчдийнх нь нэг нь түүний өмгөөлөгч байх юм гэж хэн мэдэх билээ. Уг нь тэрбээр хамгийн анх УИХ-ын гишүүнээр сонгогдохдоо Н.Энхбаярын “Шударга ёс” эвслээс сонгогдсон 11 гишүүний нэг нь болж байлаа. Холимог тогтолцоогоор явагдсан 2012 оны сонгуулийн намын жагсаалтаар УИХ-д орсон 28 гишүүний нэг болсон түүнийг “Н.Энхбаярын оймсонд хавчуулагдаж” парламентын босго давсан гэдэг нь үнэн. Гэсэн ч тэрбээр өөрийг нь УИХ-д хөтлөн оруулж байсан Н.Энхбаярыг улс төрөөс арчин явуулахахын төлөө ухамсарт амьдралынхаа гурван жилийг лав зарцуулж байна. Ердөө сар гаруйн өмнө Үндсэн хуулийн цэц УИХ-ын сонгуулийн тухай хуулийн “авлига, албан тушаалын хэргээр ял эдэлж байсан хүнийг нэр дэвшүүлэхгүй” гэдэг заалт нь Үндсэн хуульд харшлаагүй гэсэн шийдвэр гаргаснаар нэг ёсондоо Н.Энхбаяр их улс төрд орж ирэхэд бүрэн хаалт хийсэн. УИХ батлаж, Үндсэн хуулийн цэц энэхүү маргааныг ийн шийдвэрлэсэн ч үнэн хэрэгтээ Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт зориулсан ийм заалтыг УИХ-ын сонгуулийн тухай хуульд оруулахаар улайран хөөцөлдсөн гишүүдийн нэг нь мөнөөх өөрийнх нь “оймсонд хавчуулагдаад” парламентад орж ирж байсан О.Баасанхүү нь байлаа. Энэ хуулийг батлагдсаны дараахан Н.Энхбаяр “О.Баасанхүү бол улстөрийн захиалгаар ажилладаг” гэсэн ганцхан тодорхойлолт хэлсэн билээ. Магад тэр нь үнэн биз ээ. Харин өдгөө түүнд АН хадаг барьж байгаа нь түүний захиалагчид хэн байсан бэ гэдгийг ил болгож байна. Түүнийг ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурц хийгээд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн заавраар ажилладаг гэсэн ил далд яриа байдаг. Улс төрийн хүрээнд “цэцэг” болчихсон түүнд АН хадаг барьж байгаа нь ч энэ яриаг үнэний ортойг батлаж байна. Учир нь, генерал Б.Хурц АН-ыг хөшигний ардаас удирдаж байна гэдгийг улс төрийн хүрээнд мэддэг болчихсон шүү дээ. Ингэснээр Н.Энхбаярын оймсонд хавчуулагдаж улс төрд хөл тавьж байсан О.Баасанхүү Б.Хурцын халааснаас дахин нэр дэвших эрхээ гардаж байх шиг байна.
Балруулдаад ч арилахгүй бичлэгийн эзэн
Монголын төр болон парламентад шударга ёсыг тогтоож, хэлмэгдүүлэлтийг зогсоохын төлөө нэгдсэн гэж өөрсдөө тодорхойлсон 11 гишүүнтэй бүлэг байгуулан УИХ-д орж ирж байсан МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслийн нэг гишүүн нь Г.Уянга байв. Харамсалтай нь энэ эвслийнхний олонхи урианыхаа яг эсрэг ажилласан бөгөөд “Шударга ёс” эвсэл шударга бусаар шантааж хийж ажилласан гэдгээрээ алдаршиж байлаа. Эвслийг ийм хоч зүүхэл гол үүрэг гүйцэтгэсэн тэрбээр Л.Цог, Д.Тэрбишдагва, Ч.Улаан, Д.Батцогт нарын хамтаар эвслийг орхисноор Монголын парламентад орж ирсэн гурав дахь хүчин албан ёсоор нуран унасан. Парламентад нэр дэвшин орж ирсэн намаа, эвслээ задлахад үүрэг гүйцэтгэсэн Г.Уянга Тусгаар тогтнол, эв нэгдлийн намыг шинээр байгуулж сонгуульд оролцсон. Гэсэн ч тэрбээр энэ сонгуульд үнэмлэхүй ялагдсан бөгөөд энэ нь улстөрчийн сул тал гэхээс илүү хувь хүний хүн чанарт нь тавьсан сонгогчдын үнэлгээ байлаа. Учир нь, АН-ын лидер эмэгтэйчүүдийн нэг, ажиллах хугацаандаа олон чухал хуулийн автор болж чадсан Л.Эрдэнэчимэг гишүүний бичлэгийг өөрийнхөө утсаар хийгээд, бусдад түгээсэн буруутан болж байв. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд бичлэгдүүлсэн Л.Эрдэнэчимэг нам гүмхэн хувийн бизнесээ эрхэлж, харин Г.Уянга Ерөнхийлөгчийн зөвлөх болон олны анхаарлын төвд байлаа. Гэхдээ тэрбээр одоо юу ч ярьсан, юу ч хэлсэн итгэх хүн ховор болсон гэдэгтэй маргах хүн бас л ховор биз ээ. Түүний нотолгоо нь гэхэд өмнөх парламентын эмэгтэй гишүүд хаа нэг уулзаж буйгаа зураг хөрөгтэйгөө бусадтай хуваалцахад ганцхан Г.Уянга л тэр дунд байдаггүй билээ. Өөрөө хэдийгээр үгүйсгэвч өнөөх хэд нь бичлэг дамжуулсан гэдэгт нь маргаангүй итгэдэг гэсэн үг л дээ. Балруулдаад ч арилахгүй бичлэгний эзэн тэрбээр өчигдөр АН-д элсэж бас л олны гайхшралыг төрүүлэв. Учир нь тэрбээр ердөө ганцхан сарын өмнө “АН-ын дэнчингийн мөнгө бол 60 тэрбумын схем” хэмээгээд “АН-ын өнөөх л С.Эрдэнэ, Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл цоройсон бүхнийг цавчиж, торойсон болгоны толгойг тасдсаар өөрсдөө буг боллоо” гэж өөрийн цахим хуудсаар бичиж байсан юм. Гэтэл тэрбээр өнөөдөр өөрийнхөө тодорхойлсон цоройсон бүхнийг цавчиж буг болсон Э.Бат-Үүлтэйгээ хамт торойсон бүхний толгойг тасддаг С.Эрдэнээсээ нэр дэвших эрхээ горилж байна.
Ташуур барьсан бие даагч шүүр бариад намд элсэв
Монгол Улсын гавьяат жүжигчин С.Жавхлан дуулдаг байхдаа л ард түмний хайртай хүү байсан. Харин бие дааж өрсөлдөөд азаар гишүүн болсон тэрбээр энэ дөрвөн жилд эргэлт буцалтгүйгээр улс төр дэх “цэцэг” болсон. Жамаараа бол улс төрийн ийм “цэцэг” хагдран унаад төгсөх ёстой юм. Харамсалтай нь хагдран унаж буй тэр “цэцэг”-ийг халамжлан түүх улс төрийн нам байжээ. Уг нь цагаан мориноос бууж, ташуур барин саарал ордны босгыг алхсан тэрбээр энэ дөрвөн жилд хаврын отгон чуулганд Төрийн дууллыг дуучныхаа хувиар дуулж хувь нэмэр оруулснаас өөрөөр хууль тогтоох байгууллагын ажилд гар бие чилээсэн нь үгүй. Түүний дараахан ардчиллын алтан хараацай алдарт С.Цогтсайханы “Хонхны дуу”-г дуулсныг нь сонссон олон хүн баярлаж байсан. Мэдээж түүнийг одоо л зөв замаараа алхах нь, улс төрийн хаалгыг чангахан хаагаад олон сайхан уран бүтээлээ туурвих нь гэж. Дуучин байх нь бусдад таалагддаг түүнд гишүүн байх нь таалагддаг ажээ. Гэнэт л хоёр хоногийн өмнө хогийн машинаас үсэрч буугаад хог ачаад, уутлаад байгаа дүрс нь цахимаар цацагдсан. Эргээд УИХ-д дэвших гэж байгаа юм биш байгаа гэсэн гайхшрал дуусаагүй байхад АН-ын үнэмлэхийг гардаж байх нь тэр. 200 мянга гаруй гишүүнтэй АН С.Жавхланг нэр дэвшүүлэхээр хадаг барьж байна гэхээр С.Эрдэнэ даргын хэлсэн гишүүнчлэлийн тоонд эргэлзээд байгаа юм. Эсвэл С.Эрдэнэ дарга 200 мянган гишүүндээ итгэдэггүй хэрэг үү?
Бүүр эсвэл энэ намын боловсон хүчний бодлого нь “цэцэг түүтлээ” алдагдсан юм болов уу?
А.Болд
Сэтгэгдэл (15)