УИХ-ын гишүүн С.Жавхлан АН-ын гишүүн боллоо. Тэрбээр өнөөдөр Төрийн ордонд намын батлахаа гардаж авсан юм. Энэ үеэр АН-ын дарга С.Эрдэнэ "АН-ын зүгээс нэгэн чухал шийдвэр гаргалаа. Тун удахгүй сонгууль болно. Ийм цаг үед УИХ-ын гишүүн С.Жавхлан АН-ын эгнээнд нэгдэж, ардчиллын төлөөх үйл хэрэгт гар бие оролцох шийдвэр гаргасан байна. Бид үүнийг нь хүлээж авлаа. УИХ-ын 2016 оны сонгуулиар АН есөн гишүүнтэй бүлэг болсон. Гэвч бүлэг задарч долуулаа болж байлаа.
Гэтэл сонгууль болохоос ганцхан сарын өмнө дахиад элэг бүтэн болж есүүлээ болсонд билэгшээж байна.
Таны ариун үйлсэд өндөр их амжилт хүсэе. ҮБХ-оор гишүүний тойргийн асуудлыг ярилцана. Санхүүгийн асуудлыг нам дотроо ярилцсан. Нуух зүйл байхгүй. Аудитаас 400-800 сая төгрөг гэсэн тоо гаргаж ирсэн. АН-ын зүгээс 100 сая төгрөг гэж тоо гаргаж татвараа авсан. С.Жавхлан гишүүн дөнгөж сая гишүүнээр элслээ. Цаашид намын дүрмийн дагуу бүх зүйл яригдах болно. АН-ын зүгээс нэг ч нэр дэвшигчийг албан ёсоор тодруулаагүй" гэлээ.
Үүний дараа С.Жавхлан гишүүн "Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд дуу хоолойгоо хүргэхийн төлөө хичээж ажилласан. Намайг хойш гэдийж суугаагүй гэдэгт та бүхэн итгээрэй. Монгол Улсаа хөгжүүлэхийн төлөө, зам мөр нь ариун байлгахын төлөө ганцаараа ч гэсэн хичээж ажилласан. Эцэстээ зам мөр, үзэл санаа нэгдэх АН-ыг сонголоо. Миний гаргасан шийдвэр бүр мэргэн байдаг. Би өөрийн үзэл бодол, гаргасан шийдвэртээ бат итгэлтэй байдаг" гээд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Таныг Баянзүрх дүүрэгт нэр дэвшүүлнэ гэсэн үү?
-Тийм зүйл яригдаагүй.
-Таныг нэр дэвшүүлэхгүй бол яах вэ?
-Харж л байя.
-Бие даагч байх нь хүчгүй байдаг юм байна уу. Тиймээс ийм шийдвэр гаргасан уу?
-Дуу хоолойгоо хүргэх тал дээр хүчгүй байдаг юм байна. Гэхдээ бие даагч нарыг үгүйсгэсэн зүйл биш шүү. Улс орноо хөгжүүлэхийн төлөө зүтгэсэн бие даагч бүрийг хүндэтгэнэ. Миний хувьд сөрөг хүчний ажлаа сайн хийсэн.
-Яагаад АН-ыг сонгосон юм бэ?
-Миний мөрийн хөтөлбөрт нийцсэн. Дээр нь үзэл бодолтой санал нэгдсэн учраас АН-ыг сонгсон.
-АН-ын зүгээс 100 сая төгрөгийн татаас яригдаж байна. Тантай энэ талаар ярьсан уу?
-Одоогоор тийм зүйл яриагүй байна. Яригдах цагт нь яръя.
Г.Маргад
Сэтгэгдэл (25)