УИХ-ын өнөөдрийн чуулганаар Үндсэн хуулийн цэцийн Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай УИХ-ын 2014 оны 64 дүгээр тогтоолыг батлахдаа Үндсэн хуулийн 1.2 дахь хэсгийг зөрчсөн дүгнэлтийн талаар хэлэлцлээ. Үндсэн хуулийн цэцийн 2020 оны IV дүгнэлттэй холбоотой асуудлаар Хууль зүйн байнгын хороо хэлэлцэж, гишүүдийн олонхийн саналаар хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзжээ. Мөн Цэцийн уг дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хорооноос хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэн байна. Ингээд нийт гишүүдийн олонхийн саналаар байнгын хорооны дүгнэлтийг дэмжлээ.
Х.Болорчулуун: Цэцийн дүгнэлт гарлаа. Бид 10-аад жил төмөр замын асуудлаар улстөржиж, талцсан. Эцсийн дүнд 10 жилийн өмнөх Төрөөс төмөр замын талаарх бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэхээр болж байгаад баяртай байна. Төмөр замын бүтээн байгуулалт Тавантолгойгоос Зүүнбаян хүртэл явж байгаа. Цаашид Чойбалсан хүртэл явна. Аливаа зүйл нууцын зэрэглэлтэй хэрэгжиж байгаа ч нууцын цаана чанартай ажлаарай гэж Батлан хамгаалах яамныханд захиж хэлье.
А.Сүх