УИХ-ын гишүүн болохоосоо өмнө ч, дараа нь нам, эвслийг хамгийн ихээр буруушааж ирсэн хүний нэг нь УИХ-ын гишүүн С.Жавхлан. УИХ-ын 2016 оны ээлжит сонгуулиар Баянзүрх дүүрэгт бие даан нэр дэвшиж ялалт байгуулсан тэрбээр аль нэг нам, эвслийг дагаж намирахгүй гэж хэдэнтээ мэдэгдсэн удаатай. Гэвч эл хэлсэн үгнээсээ өнөөдөр буцаж бие даагчаас АН руу буурь сэлгэлээ.
Ингэснээр АН-ын хувьд энэ парламентаас МАХН-ын угшилтай О.Баасанхүү, бие даагч С.Жавхлан гэсэн хоёр гишүүнээр эгнээгээ өргөтгэж, УИХ дахь АН-ын зөвлөл нийт есөн гишүүнтэй болж байгаа юм.
УИХ-ын 2020 оны ээлжит сонгууль болохоос ердөө 40-хөн хоногийн өмнө С.Жавхлан гишүүн ийн буурь сэлгэсэн нь намын нэрээр сонгуульд өрсөлдөх нь ашигтай гэдгийг ухаарсан байж мэдэх. Учир нь Баянзүрх дүүргийн сонгогчдын хувьд түүнд дахин итгэл хүлээлгэнэ гэсэн баталгаа үгүй. Үүнд хэд хэдэн шалтгаан бий. Тухайлбал, бие даагч тэр дундаа урлагын салбарт цоллуулж явсан хүн ИХ хуралд гарсан ч гавьтай зүйл хийж амждаггүй, чаддаггүй гэдгийг эрхэм гишүүний өнгөрсөн дөрвөн жилийн замнал харуулсан. Тиймдээ ч ирэх сонгуульд нэг бол намаас өрсөлдөж азаа үзэх, үгүй бол санал хуваах гэсэн хоёр вариант үлдсэн байхыг үгүйсгэхгүй. Тиймдээ ч одоогоос хэд хоногийн өмнө Ардчиллын дуунд салхи оруулж, шинээр дуулсан нь АН-д тал зассан нэг хэлбэр байхыг үгүйсгэхгүй юм.
Юутай ч нийтийн дууны ханхүүгээс УИХ-ын гишүүн болсон бие даагч С.Жавхлан гишүүн АН-ын гишүүнчлэлтэй боллоо.
Г.Маргад
Сэтгэгдэл (8)