Шинэ цагийн шинэ парламент бүрдэхэд ердөө 40-хөн хоног үлдээд буй энэ үед нэр дэвшигчдийн тойрог хуваарилалтын прогноз аль хэдийн гарчээ.
Өмнөх сонгуулиар аймаг, нийслэлд МАН үнэмлэхүй ялалт байгуулсан ч зөвхөн Завхан аймагт АН-ын хоёр нэр дэвшигч цойлж гарч ирсэн нь УИХ-ын 2016 оны сонгуулийн онцлох үйл явдал болсон юм. Тодруулбал, Завхан аймгийн 17 дугаар тойрогт АН-аас нэр дэвшиж өрсөлдсөн Я.Санжмятав ялалт байгуулсан. Түүнтэй МАН-аас Б.Энхболд, МАХН-аас Д.Балдан-Очир нар өрсөлдөж өвдөг шороодсон бол 18 дугаар тойрогт АН-аас нэр дэвшигч З.Нарантуяагийн эсрэг МАН-аас Ш.Батсамбуу, МАХН-аас Б.Батхуяг нар өрсөлдөөд ч бараагүй.
Тэгвэл энэ удаагийн сонгуульд ч тус аймаг хоёр мандаттай. Завхан аймгийнхан хэнд итгэл хүлээлгэх эсэх нь туйлын эргэлзээтэй байна. Одоогийн байдлаар тус аймагт МАН-аас гарьд Ц.Цэрэнпунцаг, Ш.Батсамбуу, О.Содбилэг нар нэр дэвшихээр яригдаж байгаа бол АН-аас УИХ-ын гишүүн Я.Санжмятав, З.Нарантуяа болон Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан нар өрсөлдөх талаар яригдаж байна. Мөн “Үнэн ба зөв” намаас УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуу хүч үзэж магадгүй байна.
Нэр дэвшигчдийн нэрс энэ сарын 16-ны дотор тодрох ёстой бөгөөд хэрэв УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуу нэр дэвшвэл Завхан аймагт сонгуулийн нэгэн шинэ өнгө нэмэх нь дамжиггүй.
Түүний хувьд “Нарантуул” захын босс, 2008-2012 онд төр түшилцэж байсан гэдгээр нь андахгүй байх.
“Нарантуул” худалдааны төв гэх их айл 2000 оны эхээр байгуулагдах үед олон мянган ажлын байр бий болголоо, бараг л монголын эдийн засгийг өргөх хүч боллоо гэх нь халгүй түүнийг магтан сайшааж байв. Гэвч он цаг улиран өнгөрөхийн хэрээр түрээслэгчдийн эрх ашиг ноцтой зөрчигдөж байгааг сэтгүүлчид дэлгэж, ядаж дулаан байраар хангахыг удаа дараа гуйсан, шаардсан. Гэвч түмний төлөөлөл болж төрийн эрхэнд гарсан “Нарантуул”-ын босс Ш.Сайхансамбууд түрээслэгчдийн эрүүл мэнд огтхон ч хамаагүй аятай чихээ бөглөх нь холгүй суусан. Үүнийх нь гороор хүйтэнд бээрч, шороонд нүдүүлж, бороонд шалба норсоор нэг л мэдэхэд түрээслэгчдийн олонх нь бөөр, нурууны өвчтэй болцгоосон. Үүнийг нь тус худалдааны төвийн 400 гаруй түрээслэгч олон ч удаа хэвлэлээр уйлах нь холгүй ярьсан. Гэвч ингэлээ гээд тэд Нарантуулаас буурь сэлгэж зүрхлээгүй. Учир нь тэдний олонх нь гэр бүлээ тэжээдэг ганц бие эмэгтэйчүүд, эсвэл өр зээл тавин байж лангуу түрээслэсэн залуучууд.
Ийм л нийгмийн эмзэг бүлгийн эрэлт хэрэгцээнд дээр Нарантуулын босс Ш.Сайхансамбуу мөнгө хийж, хөлжиж ирсэн. Зах байгуулагдаад 20-иод жил болсон.
Гэсэн ч түрээслэгчид өвлийн хүйтэнд бээрч зогсдог хэвээр. Харин бэлтэй хөрөнгөтэй босс Ш.Сайхансамбуу нь тансаг хаусандаа тарвалзахын сацуу дахин төрийн эрхэнд гарахаар сонгуульд өрсөлдөх тухай горьдож сууна. Ингэхдээ бүр гэр бүлээрээ бүр тодруулбал, дүүгийнхээ хамт ирэх сонгуульд өрсөлдөхөөр зэхжээ. Түүний дүү Ш.Батсамбуу нь ШИНЭ намаас нэр дэвшихээр батламжаа гардсан бол Ш.Сайхансамбууг нь “Үнэн ба зөв” намаас нэр дэвшинэ гэх.
Ах, дүүсээр нийлж, сонгуульд өрсөлдөн төрийн эрхэнд гарах гэдэг жишиг ганц энэ удаагийнх биш.
УИХ-ын чуулганд барагтай суудаггүй, “хэрмэл тэнэмэл”-ээрээ гайхагддаг “Мон Уран” компанийн захирал Б.Наранхүү, түүний дүү Б.Саранчимэг нар байна. Ах нь тойрогоо услах бүтэн дөрвөн жил завгүй гүйсэн. Харин эгч нь болох Б.Саранчимэг гишүүн түмэнд танигдах гэж Төрийн ордныг бүтэн дөрвөн жил гороолж, хаана, юу болно тэнд гүйж очдог байв.
Энэ мэт үзэгдэл хаа сайгүй бий. Тиймдээ ч энэ жишгийг ах дүү “Ш” овогтнууд үргэлжлүүлэхээр шийдсэн бололтой.
Ш.Сайхансамбууг 2008-2012 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан улстөрийн замналтай нэгэн. "Миний унаагүй машин, суугаагүй орон сууцанд амьдарч байгаа гарын үсгээр баяжсан луйварчид ордноор дүүрэн" гэж цагтаа баавартай нь аргагүй ярилцлага өгч байсан тэрбээр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, гишүүн асан Д.Балдан-Очир нар руу баавартай нь аргагүй салаавч гаргаж буй нь түүхийн хуудсанд мөнхрөн үлдсэн. Нэг их гайхуулаад байх түүхгүй түүний хувьд болхи, бүдүүлэгдүү иймэрхүү авир цөнгүй гарч байсан.
Тэрбээр Завхан аймагт горилож буй нь анх удаагийнх биш. МАН-ын бодлогоор УИХ-ын 2012 оны ээлжит сонгуулиар Завханаас нэр дэвших тухай яригдаж байсан ч бага хурлын гишүүд нь эрс эсэргүүцсэн. Тойроггүй болсон тэрбээр арга буюу бизнесийн замналаа үргэлжлүүлж ажин түжин амьдарсаар дахин улс төрд орж буйгаа ийнхүү зарлаж байх шиг байна.
Ингэхдээ бүр өөрийгөө муу удирдагч, муу бизнесмэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдлаар эхлүүлэх шиг болсон. Учир нь Нарантуул худалдааны төвийг өөрийн мэдлээс гарсан гэдгийг өөрийн цахим хуудсаараа дамжуулан 2020 оны гуравдугаар сарын эхээр мэдэгдсэн байдаг. Ингэхдээ "Нарантуул худалдааны төв сайн хүмүүсийн мэдэлд очсон, санаагаа бүү чилээ" гэсэн нь түрээслэгч нарт ээлгүй хандаж ирснээ батлах шиг болсон юм. Иргэдийн зүгээс ийм асуулт нэхэж түүнийг багагүй шалсан. Ийнхүү Нарантуул гэх бараан түүхээсээ салсан Ш.Сайхансамбуу ирэх сонгуульд нэр дэвшихээр горилох бололтой. Түүний хувьд ууган нам болох МАН боломж олгоогүй учир "Үнэн ба зөв" намыг санхүүжүүлэх тухай яриа гарч байсан. Үүнийг нь ч батлах мэт тус намаас нэр дэвших бололтой.
Түүний охин С.Эрдэнэтуулийн хувьд ИТХ-ын өмнөх сонгуулиар МАН-аас Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж ялалт байгуулсан юм. Охиных нь хувьд ч асуудал их өрнөдөг.
Тухайлбал, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хийгдэж буй төсөл, хөтөлбөр дээр дураараа дургиж байгааг нэг хэсэг шуугисан. Мөн 2008 онд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ машин барьж яваад зам хөндлөн гарч явсан хүүг дайрч, гэмтээсэн мэдээлэл бий. Түүгээр ч барахгүй хар тамхины хэрэгт холбогдож байсан талаарх ч яриа байдаг юм.
Товчхондоо, Ш.Сайхансамбуугийнх гэдэг айл хэл ам, асуудал ихтэйн дээр гэр бүлийн зарим гишүүд нь ардаа үлдээсэн багагүй бараан түүхтэй. Харин улстөрд дахин ирж, төрийн жолоог мушгихыг санаархаж буй нь ард түмнийг басамжилсан хэрэг гээд хэлчихэд нэг их буруудахгүй болов уу. Ер нь бол бэл бэнчинтэйгээ л гайхах хэрнээ хэдэн түрээлслэгчиддээ тав тухтай орчныг бүрдүүлж чадаагүй хүн бүх нийтийг төлөөлнө гэдэг юу л бол доо.
Б.Лхам
Сэтгэгдэл (8)