С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаарх Олон улсын парламентын холбооны Удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох дүгнэлт гаргах, боловсруулах үүрэг бүхий Түр хороо өнөөдөр хуралдаж, тайлангаа гаргалаа.
Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Түр хороо байгуулагдсанаа хойш 2019 оны гуравдугаар сарын 27-нд УИХ-ын гишүүдэд анх удаа Т.Чимгээ, Б.Соднамдаржаа нарыг эрүүдэн шүүж байгаа бичлэгийг үзүүлсэн. Улмаар эрүүдэн шүүсэн бичлэлийг улсын нууцаас гаргаж, МҮОНРТВ-ээр олон нийтэд нээлттэй үзүүлсэн юм. Ардын хүүхдүүдийг хууль бусаар эрүүдэн шүүж, нотлох баримтыг хуурамчаар үйлдэж гурван шатны шүүхээс ял оноосныг Үндсэн хууль ноцтой зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан.
Улмаар Олон улсын парламентын холбооны шинжээчдийг хоёр удаа урьж, уг хэрэг дээр ажиллах асуудлыг нээлттэй болгож өгсөн. Тэднийг хүний ёсноос гадуур ОЛон улсын хүний эрхийн түгээмэл тунхаглал, Үндсэн хуульд заасан Хүний эрхийн хэм хэмжээг ноцтойгоор зөрчиж эрүүдэн шүүж, тамлан яраглах замаар хэрэг тулгасан гэдгийг Олон улсын парламентын холбоо тогтоосон.
Олон улсын парламентын холбоо албан ёсны дүгнэлтээ 2019 оны аравдугаар сарын 17-нд гаргаж, ирүүлсэн. Түр хороо Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн асуудлаар ХЭҮК-т хандаж, дүгнэлт гаргуулсан. Гурван газрын дүгнэлтээр хүний эрхийг зөрчсөн гэж үзсэн. Тэднийг эрүүдэгн шүүсэн найман этгээдийн шүүх хурал өнгөрсөн оны наймдугаар сард төв аймагт болсон. Улмаар холбогдогч этгээдүүдийн өмгөөлөгчийн хүсэлтээр хойшилж, өнөөдрийг хүртэл гацаанд орсныг Түр хороо шаардсаны дагуу энэ сарын 20-нд хурал товлогдлоо.
Түр хороо хэлмэгдсэн иргэдээ суллахын төлөө чадах бүх ажлаа хийлээ. Хэргийн явц, захиалагчийг хайх ажил урагшилж байгаа гэж Тагнуулын байгууллагаас мэдээ өглөө. Хэргийн жинхэнэ гүйцэтгэгч, захиалагчийг олох ажил ахицтай байгаа гэсэн. Мөн ойрын хугацаанд зарим дүгнэлтийг иргэдэд танилцуулахаа мэдэгдсэн” гэлээ.
Б.Лхам
Сэтгэгдэл (2)