Нэгэн үе гоц авъяастнаар өргөмжлөгдөж Монголынхоо нэрийг олон улсад гаргаж явсан уран бүтээлч бол Л.Өнөрчимэг. Гэвч цагийн аясаар иргэний нийгмийнхэнтэй нэгдэж, эцэстээ өөрийгөө "Өүлэн эх" хэмээн нэрийдэж бүр “Уул, ус, газар, шороогоо хамгаалах хатан хаант бодлого” төрийн бус байгууллагыг байгуулж, тэргүүнээр нь ажиллах болсон.
Гавьяат цол олгоогүйд Монголын төрд гомдож байна гэдгээ хэдэнтээ зарласан тэрбээр энэ удаагийн УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн.
Гэвч аудитаас мөрийн хөтөлбөрийг хүлээж авах боломжгүй гэжээ. Тодруулбал,
- Б.Цондовдорж
- Л.Өнөрчимэг
- Б.Мөнхшүр
- Л.Ган-Од
- О.Мөнхболд
- Ж.Нямаа
- А.Гүенбаатар
гэсэн долоон хүний мөрийн хөтөлбөр эхний даваанд бүдэрч, бие даан өрсөлдөх боломжгүй боллоо.
Зураач Л.Өнөрчимэг болон ахмад сэтгүүлч Б.Цондовдорж нарын хувьд хувийн шалтгааны улмаас сонгуульд өрсөлдөхөө больсон байна. Тиймээс мөрийн хөтөлбөрөө татах хүсэлт гаргасан учир аудитаас дүгнэлт гаргаагүй аж. Харин үлдсэн таван нэр дэвшигчийн хувьд мөрийн хөтөлбөрөө цахимаар явуулсан ч өөрийн биеэр ирж баталгаажуулаагүй учир аудитаас мөрийн хөтөлбөрийг нь хүлээж авах боломжгүй болжээ.
Тиймээс дээрх долоон хүний мөрийн хөтөлбөрийн ийн хүчингүй тооцсон байна.
Ташрамд дурдахад, энэ удаагийн УИХ-ын сонгуульд 208 бие даагч өрсөлдөхөөр мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн юм. Харин дээрх долоон нэр дэвшигч өрсөлдөх боломжгүй болсноор 201 болж тоо буурсан. Эдгээр 201 бие даагчийн мөрийн хөтөлбөрт аудитаас дүгнэлт хийхэд 121 бие даагчийн мөрийн хөтөлбөр шалгуурт тэнцэлгүй унасан байдаг. Тиймээс хуулийн дагуу тав хоногийн хугацаа өгч, дахин боловсруулах боломж олгоод буй.
Үүнээс гадна бие даан нэр дэвшихээ зарласан "Exclusive" компанийн захирал Г.Майцэцэг сонгуулиас нэрээ татахаа өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдэгдсэн.
Гэвч өргөдлөө албан ёсоор Үндэсний аудитын газарт хүргүүлээгүй юм байна. Эдгээр нэр бүхий долоон иргэнээс гадна дахиад 10 гаруй бие даагч ирэх сонгуульд өрсөлдөх боломжгүй болно гэсэн мэдээлэл ирсэн.
Энэ талаар бид тун удахгүй мэдээлэх болно.
Г.Нацаг
Сэтгэгдэл (20)