Өнгөрсөн удаагийн сонгуулиар Төрийн ордныг морьтой гороолж, үхэр тэрэг хөлөглөн тойргийнхоо иргэдийн найрч явсан хүн бол УИХ-ын гишүүн С.Жавхлан. Нийтийн дууны ханхүү тэрбээр гишүүний тангараг өргөхдөө Төрийн ордонд хулсан ташуур чангаас чанга атгасаар орж ирсэн дүр төрх нь шинэхэн үзэгдэл байж таарсан. "Айхгүй ч аягүй" гэдэг шиг зарим нэг нь дөлж зугтах бол зарим нь өхөөрдөн харж буй нь түүхийн хуудаснаа гэрч болон үлджээ.
Тэгвэл С.Жавхлан гишүүн сонгуулийн "пи ар"-т дахин шинэ өнгө төрх нэмлээ.
Энэ нь хог ачин зогсоо монгол дээлээр гоёсон эрхэм гишүүний зураг цахим орчинд хөврөхтэй зэрэгцэн түүний дэмжигчид алгаа ташин хүлээн авсан бол сөрөг хүчний зүгээс доог тохуу болгон шоолж байна.
Сөрөг хүчин гэж онцолсны учир нь хэдхэн хоногийн өмнө ардчиллын дуунд салхи оруулж, дахин амиллуулсан түүнийг АН-тай тохироо хийсэн гэж багагүй хардаж байв. Энэ ч утгаараа Увс аймгийн АН-аас нэр дэвшинэ гэх яриа гарсан. Учир нь хэдийгээр Сонгуулийн ерөнхий хороонд бие даагчийн хувиар мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн ч "намаас дэвших эрхтэй" гэсэн тайлбарыг өгөөд буй. Энэ ч утгаараа АН-д хүчээ өгөх магадлалтай.
Тэгвэл нийтийн дууны ханхүүгээс үхэр тэрэгчин болж, морьтон баатрын дүрд тоголж гишүүн болсон С.Жавхлан гишүүн ийнхүү ТҮК-ийнхэнд хувь нэмрээ оруулж байна. Түүний эл "пи ар" сонгуулийн шинэ өнгө төрх. Учир нь дөрвөн жилийн цикльтэй улс төрийн сурталчилгааны үеэр нэр дэвшигчид ганган хослолоор гоёж гоодон тойргийнхоо иргэдэд таалагдах гэж аль байдгаараа алиалдаг.
Гэхдээ С.Жавхлан шиг хог түүж, үхэр тэргээр унаа хийсэн нь үгүй.
Тиймдээ ч эрхэм гишүүний энэ удаагийн сонголт оновчтой байж тойргийнхоо иргэдийн гарын үсгийг ядах юмгүй цуглуулж буй бололтой. Өнгөрсөн удаагийн сонгуулиар морьтон "баатруудтай" хамт Төрийн ордныг гороолж, хөсөг тэргээр Баянзүрх дүүргийг хөндлөн гулд хэссэн. Тэгвэл энэ удаагийн "пи ар" цааш хэрхэн өрнөх бол гэдэг тун сонирхолтой сэдэв болон үлдэх нь дамжиггүй биз ээ.
Б.Лхам
Сэтгэгдэл (24)