Өрөөлийн болон өөрийн намынхны хатгаас, шахаасаар бүрэн эрхээсээ түдгэлзсэнээс хойш дөрөв орчим сарын хугацаанд нам гүн явсан Н.Номтойбаяр УИХ-ын сонгуульд бие дааж нэр дэвшихээр болсноо зарласнаар улс төрд эргэн ирсэн.
Энэ үеэс тэрбээр улс төрийн үйл ажиллагаагаа идэвхжүүлэх болсон түүнийг тойрсон эргэлзээтэй, ээдрээтэй, хардлага, шүүмжлэл яваа ч энэ удаад Н.Номтойбаярыг зөвхөн сайнаар харах гээд үзье.
Тэрбээр УИХ-ын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар ажиллах хугацаандаа нийт 21 хуулийг санаачилж, ажлын хэсгийн ахлагчаар ажиллажээ. Эдгээрээс онцлох хуулиуд нь дурдвал Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль байна. Уг хуулийг УИХ-аас баталснаар залуучуудын анх удаагаа бие хуультай болсон юм.
Хуулийн хүрээнд батлан хамгаалах бодлогын хүрээнд залуучуудыг соён гэгээрүүлэх зорилгоор цэрэг, эх оронч үзлээр хүмүүжүүлэх, гадаад, дотоодод мэргэжил, мэргэшилтэй болгоход төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр болсон байдаг.
Мөн Боловсролын зээлийн сан, ажлын байраар хангах, орон сууцжуулах хөнгөлттэй хөтөлбөр зэрэг төрийн эрх үүргийг тусгасан нь хуулийн онцлог. Үүнээс гадна тэрбээр сайд байхдаа Амхад настны тухай хуулийг өргөн барьж батлуулжээ. Хуулийг баталснаар ахмад настанг зөвхөн халамж хүртэгч байлгах тогтолцоог халж, тэдний эрүүл мэндийг хамгаалах, амьжиргааг нь дэмжихээс гадна жилд хоёр удаа “Насны хишиг” олгодог байх уламжлалыг бий болгосон юм.
Н.Номтойбаярын өргөн барьж, батлуулсан онцлох хуулийн заалтууд үүгээр хязгаарлагдахгүй. Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох, Нийгмийн халамжийн, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн, Эрүүл мэндийн болон Нийгмийн даатгалын тухай хууль санаачлан батлуулсан байна.
Мөн Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмж, Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл хөнгөлөлт олгох зэргийг батлуулжээ. Ингэснээр хэвтэн эмчлүүлэх тусламжаас эхлээд хэд хэдэн эмчилгээ, үйлчилгээ болон нийт 132 нэр 339 эмнээс 40-80 хувийн хөнгөлөлт эдлэх, Монгол Улсын Баатараас гавьяат цолтон, ахмад дайчин, АИХ-ын депутат, УБХ-ын гишүүн ахмад настанд төрөөс нэмэгдэл хөнгөлөлт олгохоор болж байв.
Харин Хөдөлмөрийн, Нийгмийн даатгалын ерөнхий, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зэрэг нийгмийн томоохон зохицуулалтыг тусгасан хэд хэдэн хуулийг өргөн барьсан нь хэлэлцүүлгийн шатандаа яваа аж. Энэ бүгдээс харахад бүрэн эрхээсээ түдгэлзэж, намаасаа дэмжлэг хүлээх боломжгүй болсноор бие даан нэр дэвшихээ зарласан Н.Номтойбаяр өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд харьцангуй сайн ажилласан бололтой.
Хамгийн гол нь, түүний УИХ-д өргөн барьж, батлуулсан хуулийн үр шимийг залуучууд, ахмад настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, цэргийн алба хаагчид гээд нийгмийн нэгээхэн хэсэг бус нийтээрээ хүртэж байгаа нь хуулийг санаачлагч Н.Номтойбаярын гавьяа мөн үү гэвэл мөн. Юу үнэн гэвэл энэ л үнэн.
Г.Эрхэс
Сэтгэгдэл (20)