Монгол Улсын өдгөөгийн Ерөнхий сайд нь У.Хүрэлсүх. Монгол Ардын Намын даргын тамгыг давхар атгадаг. УИХ-ын 47 гишүүний 100 хувийн саналаар 2017 оны аравдугаар сарын 4-ний өдөр томилогдсон тэрбээр өдгөө МАН-ыг удирдан ээлжит сонгуульд оролцох гэж байна. Сонирхолтой гэх үү, хачирхалтай гэвэл үнэнд илүү нийцэх үү хэлж мэдэхгүй, ямар ч байсан Ж.Батзандан, Л.Болд нараар удирдуулсан ШИНЭН-ынхан УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшигчдээ зарлав. Сонгуулийн тухай хуулийн 29.1-д “Сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 45 хоногийн өмнө эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгана” хэмээн заасан байдаг. Уг заалтын хүрээнд энэ сарын 10-16-ныг хүртэл намууд нэр дэвшигчдээ тодруулах хуулийн хугацаа үйлчилж байгаа юм.
Харин намын дарга Ж.Батзандангийн хэлж, тодотгосноор улс орон даяар нийт 90 мянга гаруй гишүүд, дэмжигчидтэй болж, улмаар үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулах болсон гэх ШИНЭН хамгийн түрүүнд нэр дэвшигчдээ тодруулж, хэвлэлээр түгээсэн нь онцлох, хэвлэлүүдийг бичих сэдэвтэй нэг болголоо. Зөвхөн өчигдрийн хүрээнд. Ингэхдээ тэд 14 аймаг, зургаан дүүрэгт нэр дэвшигчээ тодруулжээ. УИХ-аас баталсан хуулийн заалтаар сонгуулийг 20 аймаг, нийслэлийг есөн тойрог байхаар зааж нийт 29 тойрог байгуулахаар болсон юм. Үүнээс Ж.Батзандан, Л.Болд нар 20-т нь өөрийн намын гэх хүмүүсээ нэр дэвшүүлэхээр болсон хэрэг.
Тэдгээрээс дурдвал ШИНЭН-ын Төв зөвлөлийн дарга Л.Болд Хан-Уул дүүрэгт нэр дэвшихээр болжээ. Түүний хувьд өмнө нь уг тойргоос Соёлын сайд асан Ц.Оюунгэрэлийн хамт нэр дэвшиж ялалт байгуулж байв. Удаахь сонгуульд нь Л.Болд дахин өрсөлдөж, ганцаараа гарч ирж байсан билээ. Гэвч түүний хувьд намынхаа эсрэг ажилласан гэх асуудалд холбогдож, төрөлх АН-аасаа хөөгдсөн удаатай. Харин Ж.Батзандангийн тухайд хоёр дахь удаагаа УИХ-ын гишүүн болсноосоо хойш өөрийн эрх ашгийг хөөж явсан гэсэн шүүмжлэлд өртөж явсаар мөн л намаасаа хөөгдсөн хүний нэг. Тэрбээр энэ удаад өмнөхийн адил Баянзүрх дүүрэгт өрсөлдөхөөр болсон байх юм.
Түүнтэй хамт УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуугийн төрсөн дүү Ш.Батсамбуу нэр дэвшихээр болжээ. Түүний хувьд өмнөх сонгуульд өөрийн ах Ш.Сайхансамбуутай Завхан аймагт нэр дэвшин өвдөг шороодож байлаа. “Нарантуул” захын хувь эзэмшигч, улс төрийн орон зайд өөрийн ахтайгаа нэлээд зөрчилтэй явдаг тэрбээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сард ШИНЭН-д элсэн, дэд даргаар нь сонгогдсон нэгэн.
Энэ мэтчилэнгээр ШИНЭН-ын нэр дэвшигчдийг судалж үзвэл төрөлх намдаа гомдсоноос эхлээд төлөөлөх улс төрийн хүчингүй хүмүүс байгаа юм. Цаашлаад Ай. Төмөр-Очир, А.Сүхбат гишүүний төрсөн ах Батсүх, Ноён уулаа аваръя хөдөлгөөн, Босоо хөх Монгол хөдөлгөөний салбарын тэргүүн П.Нарантуяа, АТОЗ-ийг үүсгэн байгуулагч Б.Эрдэнэзул, Аж үйлдвэрийн гавьяат, Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх Д.Жаргалсайхан гээд хүмүүсийн цуваа хөвөрч байна.
Нэг үгээр төлөрх намаасаа сахилгын шийтгэл хүртсэндээ “хорсон”, ШИНЭН-ыг байгуулсан Ж.Батзандан, Л.Болд нар ийнхүү УИХ-ын 20 тойрогт, өөрийгөө болон бусад нэр дэвшигчдээ зарлалаа.
Хамгийн гол нь, тэдний хувьд Бүгд Найрамдах нам, Үнэн ба Зөв нам, Монгол Үндэсний Ардчилсан намуудтай нэгдэн “Шинэ Эвсэл”-ийг байгуулан сонгуульд оролцох гэж буйд учир байна. Өөрөөр хэлбэл, бусад гурваа оролцуулаад дөрвөн намын нэгдэл болсон тэд өөрсдийн нэр дэвшигчдээ бусдаасаа асуулгүй зарлачих шиг боллоо. Зөвхөн өөрийн намаас... Бусад гурван намын хувьд хэрхэн нэр дэвшүүлэх нь тодорхой бус байхад шүү дээ. Уг нь хуулийн хугацаандаа багтаж өөр, өөрийн төлөөллөө нэр дэвшүүлэх нь тодорхой. Гагцхүү Ж.Батзандан, Л.Болд нар өөрсдийнх нь үүсгэн байгуулсан ШИНЭН-аас нэр дэвшигчдээ түрүүлж зарласнаараа нөгөө гурван намаасаа түрүүлж шийдвэр гаргахаа зарласанд асуудлын зангилаа оршиж байгаа хэрэг. Магадгүй, улс төрийн прогноз судалгаагаар харахад “100-ны нэг хувьд” нь ялах магадлалтай тэд дараагийн Ерөнхий сайд буюу 31 дэх гүйцэтгэх засаглалын тэргүүнээр Ж.Батзанданг нэрлэв. Тэдний эл шийдвэрт Б.Жаргалсайхан, А.Отгонбаатар тэргүүтэй бусад намынхан нь ямар хариу барихыг харах л үлдэж байна. Улс төрд өөрсдийгөө байх ёстой хүмүүсээр нэрлэдэг тэдний хувьд ШИНЭН-ынхаа эл шийдвэрт тийм ч таатай хандахгүй нь лавтай.
Г.Эрхэс
Сэтгэгдэл (48)