"Оюутолгой" төслийн гэрээ байгуулахдаа Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, Мөнгө угаах, Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэргээр Ерөнхий сайд асан С.Баяр, “Петровис” группийн үүсгэн байгуулагч Ч.Давааням нарын долоон хүнд яллах дүгнэлт НПГ-аас үйлдсэн. Уг хэргийн гэм буруугийн шүүх хурлыг энэ сарын 25-ы өдрийн 09.00 цагт Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товоллоо.
Шүүхээс гэм буруугийн шүүх хурлыг ийн товлохоос өмнө Ерөнхий сайд асан С.Баяр нь хэвлэлийнхэнд зарим тайлбарыг хүргэснийг бид мэдээлсэн. Тэрбээр “Биднийг улсад хохирол учруулсан гэж яллаж байна. Гэтэл хохирлын хэмжээ байхгүй. Хохирогч байхгүй хэрэг. Хэрэв хохирол учирсан гэж үзэж байгаа бол хохирогчоо авч ир. “Петровис” группийн үүсгэн байгуулагч Ч.Давааням миний хар багын найз. Намайг "Петровис" компанийн шатахууныг Оюутолгойд хэрэглээний үнээс өндөр үнээр шахсан гэсэн. Хэрэв би Ерөнхий сайд байхдаа ийм зүйл хийсэн бол Петровис ашигтай ажилласан болж таарна. Тийм зүйл алга. Түүнийгээ нотлох хэрэгтэй. Багын минь найз учир тэсээд явж байгаа байх. Зөндөө олон зөрчил гарсан. Айхтар гэмт бүлэг байгуулсан гэдэг яллах тогтоолоо хүчингүй болгосон. Тэгэнгүүтээ шинээр баахан ял нэмээд тавьчихлаа. Үүнтэй холбоотой ямар нэгэн гомдол санал хүлээж авалгүйгээр шууд шүүхэд шилжүүлчихсэн байна. Тиймээс урьдчилсан хэлэлцүүлэгт хүсэлтүүдээ тавьж байна. Итгэл найдвар хамгийн сүүлд бөхдөг. Шүүхээс хэрэв гэмт хэрэг хийсэн нь тогтоогдвол надаас эхлээд ялаа хүлээхэд бэлэн байна. Шударга шүүнэ гэдэгт итгэж байна" гэдэг тайлар өгсөн юм.
Тэгвэл шүүхээс гаргасан албан ёсны мэдээлэлд С.Баяр нарын найман хүнд холбогдох хэргийн зүйлчлэлийн талаар тодруулжээ.
Уг мэдээлэлд:
Нийслэлийн прокурорын газраас Ч.Давааням нарт Эрүүгийн хууль (2002 он) 263.2, Эрүүгийн хууль (шинэчилсэн найруулга)-ийн 18.6-2.3, 22.10-1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн.
263 дугаар зүйл. Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах
263.2.Энэ хэргийг давтан үйлдсэн,уг хэргийн улмаас их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
18.6 дугаар зүйл. Мөнгө угаах,
2.3.албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж үйлдсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
22.10 дугаар зүйл.Үндэслэлгүйгээр хөрөнгөжих
1.Нийтийн албан тушаалтан өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй бол үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Сэтгэгдэл (29)