Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл бие дааж нэр дэвшихээр болж, өнөөдрөөс тойргийнхоо иргэдээс гарын үсэг зуруулахаар болсон байна. Тэрбээр эл мэдэгдлийнхээ хүрээнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Ерөнхий нарийн бичгийн дарга Амарбаясгалан нарыг дүэльд дуудаж байгаагаа мэдэгдсэн юм. Тэрбээр "Гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудлаар намайг яллах гэж байна. Энэ бол улс төрийн зорилготой акц. МАН-аас гэр хорооллын дахин төлөвлөлтийг зогсоосон. Тиймээс УИХ-ын 2020 оны сонгуулиар нийслэлийн сонгуулийн тойрогт тэр дундаа гэр хороолол, Баянзүрх дүүрэг дэх "Гранд лайн" компанийн дахин төлөвлөлт явагдсан тойрогт нэр дэвшиж, надтай өрсөлдөөч гэлээ.
Тэрбээр ийн мэдэгдсэн учир нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх, МАн-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Амарбаясгалан нартай хамт сонгогчдын шударга шүүхээр орох гэсэн санаа юм байна.
Тиймдээ ч "Ар хударгаар муулахаа боль. Хийсэн бол хийсэн. Хийгээгүй бол хийгээгүй. Би 30 жил улс төрд явахдаа хувь хүний өнцгөөр нь шүүмжилж ирээгүй. Хуулийг ягштал баримтлах ёстой гэдгийг шаардаж ирсэн. Үүнийг У.Хүрэлсүх, Г.Занданшатар нар мэдэхийн дээдээр мэднэ.
Би АН-ын даргын ахлах зөвлөх З.Энхболдтой нэг тойрогт өрсөлдөнө гэж мэдэгдсэнээс хойш У.Хүрэлсүхийн дайралт хэрээс хэтэрлээ. Сонгуулиас өмнө намайг гэмт хэрэгтэн болгох гэсэн, ийм бодол төрүүлэх тархи угаалт явагдаж байна. Гэм буруутай эсэхийг шүүхээс шийддэг. М.Энхсайхан Монгол Улсын шилдэг Ерөнхий сайдын нэг. Уг нь түүний эрдэм мэдлэг, ёс суртахуун хариуцлагыг Монгол Улсын хөгжилд ашиглах ёстой байлаа. Гэтэл улс төрийн зорилгоор торны цаана хорилоо.
Гэхдээ намайг шоронгоор айлгахгүй шүү.
Д.Амарбаясгалант хотын дарга болох гэж байгаа юм гэнэ ээ. Түүн шиг ЖДҮ-чин дээрэмчнээр хотоо удирдлуулах хэмжээнд хүртлээ Улаанбаатарчууд доошоо ороогүй байлгүй дээ. Гэр хорооллын дахин төлөвлөлтийг яагаад ингэж гутаагаад байгаа юм бэ. Анх олигархууд айлуудын хашааг худалдаж аваад барилга барих гэж байсан. Би тэрийг нь болиулсан, түүнээс хойш намайг занах боллоо. Тийм юм бол иргэдийн шударга шүүхээр оръё” гэлээ.
Г.Маргад
Сэтгэгдэл (24)