Жил бүрийн Үндэсний их баяр наадам болон цагаан сарын баяраар ансуудал дагуулдаг зүйлийн нэг нь хурдан морины унаач хүүхдийн аюулгүй байдал болон уяачдын цол тэмдэг, хурдан морины үүлдэр угсааны асуудал яригддаг. Тэгвэл уг асуудлаар хуулиар нэг мөр шийддэг болохоор салбарын хуульд шинэчлэлт хийх гэж байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн Х.Болорчулууны санаачилгаар Үндэсний их баяр наадмын тухай хууль болон Биеийн тамир, спортын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар ажлын хэсгийнхэн ажилласан. Тэгвэл УИХ-ын энэ сарын 5-ны өдрийн нэгдсэн чуулганаар дээрх хуулийн төслүүдийг тхэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм.
Дээрх хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах болсон шалтгаанаа "Хурдан морины уралдаан нь хамгийн их гомдол, маргаан дагуулдаг, эрх зүйн үр дагавар бүхий актууд нь ойр ойрхон өөрчлөгдөж буйн улмаас уяачдад тодорхойгүй нөхцөл байдал үүсгэсээр байна" гэж УИХ-ын гишүүн Х.Болорчулуун танилцуулсан.
Тиймээс монгол, эрлийз морьдыг сэрвээний өндрөөс гадна үүлдэрлэг байдал буюу гадаад шинжээр нь ялган тэмцээн уралдаанаас хасч, олон зуун уяачдын хөдөлмөрийг үнэгүйдүүлж хохироох нь нэмэгдсээр байгаа тул баяр наадмаар монгол, эрлийз морьдыг ялгаж уралдуулах асуудлыг хуульд тодорхой тусгах нь зүйтэй хэмээн үзжээ.
Уяачдын амжилтыг үнэлэхдээ Үндэсний их баяр наадам, эсвэл Засгийн газрын шийдвэрээр хийж буй шигшмэл, бүсийн уралдааны амжилтыг харгалзан улсын цол олгохоор хуульчилсан бөгөөд хууль хэрэгжүүлэх явцад Үндэсний их баяр наадамд түрүүлж, айрагдаагүй уяачдад улсын цол хавтгайруулан олгох болсон нь улсын цолны үнэлэмжийг бууруулж байгаа тул улсын цолны шалгуур үзүүлэлтийг өндөрсгөх талаар хуулийн төсөлд тусгасан байна.
Түүнчлэн морь унаач хүүхдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд учирч болохуйц эрсдэлийг бууруулах зорилгоор баяр наадмын хурдан морь унах насны доод үзүүлэлтийг хүүхдийн нас, сэтгэхүй, биеийн хөгжлийн онцлогт тохируулан зохих хэмжээгээр нэмэгдүүлэх, хурдан морины уралдааны аюулгүй байдал, зохион байгуулалтыг сайжруулах зорилгоор уралдааны замд дагах тээврийн хэрэгслийн тоонд хязгаарлалт тогтоох зохицуулалтыг оруулжээ.
Хаврын морин уралдаан зохион байгуулж ирсэн түүхэн уламжлал болон өнөөгийн нөхцөлд хурдан морь уяж, уралдуулах нь малчдыг орон нутагтаа тогтвор суурьшилтай оршин суухад түлхэц үзүүлэх нэгэн төрлийн ажлын байр болсон зэргийг харгалзан үзэж, ил ба далд хэлбэрээр явагддаг олон арван уралдаан, сунгааг нэг мөр цэгцлэх зорилгоор хаврын уралдааныг орон даяар нэг удаа зохион байгуулж, бусад цагт хуулиар хориглох, хаврын уралдаанд хурдан морь унах хүүхэд 12 ба түүнээс дээш настай байх нь зүйтэй гэж үзэж энэхүү хуулийн төслийг боловсрууллаа хэмээн тэрбээр танилцуулгадаа дурдсан.
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд санал хураалтаар хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжсэн учир хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.
Г.Эрдэнэ
Сэтгэгдэл (1)