Сангийн яамны сайд Ч.Хүрэлбаатар цаг үеийн асуудлаар тайлбар хийлээ. Тэрбээр “Үндсэн хуулийг зөрчсөн шийдвэрийг Цэц өөрөө гаргалаа. Яагаад гэхээр Үндсэн хуульд газрын хөрсөн доорхи ашигт малтмал бол ард түмний мэдэлд, төрийн өмч байна гээд заасан. Үүнийг дэлхийн аль улс оронд авдаг арга хэлбэр нь олон улсын нэр томъёогоор бол роялти, Монголд бол ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр гэсэн нэр татвар байдаг. Цэцийн тэр өдрийн шийдвэрээр энэ төрлийн татварыг хэн төлөх нь тодорхойгүй болгосон.
Мөн хувь хэмжээг зохицуулсан бүх заалтыг алга болгосон. Хоёр том алдаа гарлаа. Монгол Улсад 2020 оны төсөв дээр 1.3 их наяд төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны орлогыг төвлөрүүлнэ гэсэн нь эргэлзээтэй болсон. Үүнээс гадна 2018 оны төсвийн гүйцэтгэл дээр 1 их наяд 64 тэрбум төгрөгийн АМНАТ-ын орлогыг улсын төсөвт төвлөрүүлсэн байна лээ. 2019 оны эхний есөн сарын байдлаар 1 их наяд 94 тэрбум төгрөг хуримтлагдсан байсныг хүчингүй болгож байна. “Страто” гээд компани “Эрдэнэс таван толгой”-гоос 72 доллараар нүүрс авч байгаа. Дотооддоо борлогдож байгаа учраас АМНАТ-ын татварыг 2.5 хувиар төлдөг. Гэхдээ “Страто” гэдэг компани төлөхгүй. Борлуулж байгаа “Эрдэнэс Тавантолгой” төлнө. “Эрдэнэс Тавантолгой” компани өөрсдөө гаргахдаа 92 доллараар гаргадаг. Үүнээсээ найман хувийн АМНАТ-ыг төлдөг. “Страто” гэдэг компани болохоор 2.5 хувь шингэсэн үнээр аваад боловсруулж гаргахдаа 6.5 хувиар. Ашигт малтмалын тухай хуулинд давхардуулахгүй гээд заагаад өгсөн болохоор “Эрдэнэс Тавантолгой”-н 2.5 хувь хасагдаад 4 хувийн АМНАТ төлдөг байхгүй юу. “Эрдэнэс Тавантолгой” 8 хувийг төлж байгаа биз. 72-оос биш, 92 доллараас төлдөг. Ийм байхад боловсруулах үйлдвэрийг дэмжихгүй байна гэдэг нь худал зүйл. Энэ бол 2006 оноос хойш төлөгдөж байгаа татвар юм. Ингээд 1.3 их наяд төгрөгийг авах боломжгүй болж байна. Нэгдүгээрт төлөгч байхгүй. Хоёрдугаарт хувь хэмжээг нь тодорхойгүй болгосон гэлээ. Тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-1.3 их наяд төгрөгийн орлогыг төлөх боломжтой юу?
-1.3 их наяд төгрөгийг бид буулгаж болохгүй. Энэ бол одоо явагдаж байгаа компаниуд төлөөд явж ирсэн татвар. Үүнийг эргээд сэргээж өгнө гэдэгт итгэж байна.
-Саяхан УИХ-ын хоёр гишүүн мөрийтэй тоглож байгаад баригдлаа гэсэн мэдээлэл гарсан. Та энэ талаар тайлбар өгнө үү?
-Би ийм АХА тэмцээнд оролцмооргүй байна. Энэ нэг л танил технологи яваад байна. Баримт байвал түүнийгээ дэлгэж ярих хэрэгтэй.
-Ирэх онд гадны зээл тусламжаар хэдэн төгрөг төсөвлөсөн бэ. Үүнээс хэдэн хувь нь бүтээн байгуулалтад зарцуулах вэ?
-3.4 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтыг 2020 онд хийхээр төлөвлөж байгаа. Энэ бол зээл тусламж, буцалтгүй тусламж, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийнэ.
Б.Жаргал
Сэтгэгдэл (12)