Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилох Байнгын хорооны хуралдааны үеэр тэрбээр Л.Болд гишүүнтэй холбоотой нэгэн ноцтой баримтыг дэлгэсэн байдаг. Ингэхдээ “Л.Болд Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байхдаа Хойд Солонгост 300.000 ам.доллараар зэвсэг зарсан. Өнгөрсөн зургадугаар сард нэхэмжлэл нь ирчихсэн байгаа. Танаас болж хоёр хүн Хойд Солонгост цаазлуулсан, Батлан хамгаалахын генерал ял авсан. Молекул гэж найзынх нь хүүхдүүд асуудалд орсон. Та шударга хүн мөн үү. Би одоо цааш нь юм ярих уу яах уу. Борбаатар генералыг битгий хутга. Тэр хүн зүрхний шигдээсээр нас барсан” хэмээсэн нь өнөөг хүртэл маргаан дагуулж байна.
Энэ хүрээнд УИХ-ын гишүүн Л.Болд Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурцыг өөрийнх нь нэр хүндэд халдсан гэх асуудлаар шүүхэд хандсан удаатай. Тэгвэл уг асуудалд холбогдох хэргийн буюу генерал Б.Хурцын өмгөөлөгчөөр О.Санчирбал цахим хуудсаараа дамжуулан нэгэн баримтыг дэлгэлээ. Тэрбээр:
1.УИХ-н гишүүн Л.Болд ойрын хугацаанд их л сандарч байна даа. Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр би гурван шатны шүүхээр явж, Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц гэдэг хүн намайг гүтгэсэн хэмээн зарласаар байх юм. Тиймээ та ялсан. Гэхдээ хуульд заасан үндэслэл журмын дагуу биш. Нэг үгээр хэлбэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч намайг оролцуулахгүйгээр, мэтгэлцэх боломж олгохгүйгээр шүү дээ. Би шүүх хурал болох өдөр ажил явдал гарсан талаараа шүүхэд нотлох баримт хүргүүлсээр байтал шүүх хуралдааныг хүндэтгэн үзэх шалтгааныг маань үл ойшоон хуралдааныг явуулсан. БНАСАУ-ын Төв Прокурорын газраас ирүүлсэн албан бичиг нь АТГ-д байгаа талаар мэдэгдсэн. Үүн дээр та бодитой тайлбараа хэл.
2. УИХ-н гишүүн Ж.Батзанданг маань эрэн сурвалжлах талаар иргэний хэрэг үүссэн. Өдөр бүр зурагтаар гардаг гишүүнийг маань олоход туслаарай гэжээ.
Хамгийн сонирхолтой нь, өмгөөлөгч О.Санчирбал Л.Болд гишүүнтэй холбогдуулж нэгэн баримтыг дэлгэсэн нь анхаарал татаж байна. Авлигатай тэмцэх газрын дарга асан Х.Энхжаргалын гарын үсэг бүхий албан бичигт “Тагнуулын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Хурц та 2017 оны зургаадугаар 23-ны өдөр 2017 оны зургадугаар сарын 12-ны өдрийн огноотой Солонгос хэл дээр бичигдсэн А4 хэмжээтэй 1 хуудас улаан хүрээтэй бичгийг тодорхой нэр хаяггүй, дугтуйгүүгээр өгсөн бичгийг хүлээн авч орчуулгад өгөхөд “Хоёр улсын хуулийн этгээдийн хооронд онгоцны сэлбэг арилжих явцад үүссэн 1.5 сая ам.долларын авлагатай холбоотой асуудлыг манай улсын төв прокурорын газраас шалгаж, шийдэх явцад танай улсын Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан Л.Болд нь 300 мянган ам.долларыг залилсныг үүгээр мэдэгдэж байна” гэх агуулгатай байсан.
Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Консул Чой-той Авлигатай тэмцэх газрын гадаад харилцааны асуудал хариуцсан ажилтан Х.Билгүүнээр уламжлан утсаар холбогдож ирүүлсэн мэдэгдлийн талаар тодруулахад ямар нэгэн мэдээлэлгүй байв” гэжээ.
Эндээс харахад Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурцын Байнгын хорооны хуралдааны үеэр Л.Болд гишүүнд хандан хэлсэн үг хувь хүн хоорондын зөрчил биш байсан бололтой. Харин тагнуулын байгууллагын шугамаар ирсэн, Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн мэдээллийг тэрбээр гишүүдийн өмнө "илчилж", зах зухаас нь дурдсан болж таарах нь. Цаашлаад Монгол Улс “Саарал жагсаалт”-д орох болсон үндэслэлийн нэг нь Хойд Солонгост онгоцны мотор нийлүүлэхийг завдсан асуудлаас улбаатай хэмээх Хуулийн сайд асан Х.Тэмүүжингийн үг үүгээр баталгаажиж байх шиг.
Г.Эрхэс
Сэтгэгдэл (53)