“Улаанбаатар эдийн засгийн форум-2019” болж байна. Тус арга хэмжээ нь Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/569 дугаар захирамжаар Улаанбаатар хотын эдийн засгийн хөгжлийн стратегид тусгагдсан ажлууд болон нийслэлийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх томоохон төсөл хөтөлбөрийг Төр, хувийн хэвшлийн түншлэлээр бизнесийн-харилцан ашигтай хамтын ажиллагааны зарчмаар хэрэгжүүлэх, хөрөнгө оруулах боломжийг хэлэлцэх зорилготой юм.
“Улаанбаатар эдийн засгийн форум 2019”-д нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид, Улаанбаатар хотын худалдааны танхимын гишүүд, олон улсын байгууллагын төлөөлөгч, бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид болон эрдэм шинжилгээний байгууллагын төлөөлөл оролцож байна. 2015 оноос хойш жил бүр “Улаанбаатар хөрөнгө оруулалт” нэрийн дор зохион байгуулагдаж ирсэн эдийн засгийн форум нь энэ жил нийслэлийн харьяа байгууллагуудын болон эрдэм шинжилгээний байгууллагуудын хийсэн шинжлэх ухааны үндэслэлтэй нийгэм, эдийн засгийн судалгаа, тооцооллын үр дүнг олон нийтэд анх удаагаа нээлттэй танилцуулж байгаагаараа онцлогтой. “Улаанбаатар эдийн засгийн форум-2019” арга хэмжээний хүрээнд Залуусын хот, Замын хөдөлгөөн, тээврийн шинэчлэл, Хотын хүн амын хүнс, хэрэглээ Улаанбаатар хотын эдийн засгийн чөлөөт бүс” гэсэн сэдвүүдийн хүрээнд илтгэл хэлэлцүүлэг зохион байгуулна.
Мөн хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллагуудын төслүүдийн танилцуулга, хамтын ажиллагааны хэлбэр, нөөц боломжуудын талаар хэлэлцэж, үзэсгэлэнг олон нийтэд танилцуулна.