Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн энэ сарын 24-ний хуралдаанаар "Түрээсийн орон сууцанд хамруулах журам" батлах тухай асуудлыг хэлэлцэж, НИТХ-д өргөн барьсан билээ. Тодруулбал, энэ сарын 5-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаас "Буянт-Ухаа II"-т ашиглалтад орж байгаа 972 айлын орон сууцыг түрээслүүлэх шийдвэрийг гаргасан юм.
Ингэхдээ орон сууцыг хотын захиргаанд шилжүүлж, улмаар хотын захиргаа иргэдэд ямар журмаар, яаж түрээслэхээ шийдэх гэж байна. Тэгвэл уг асуудлыг НИТХ-ын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж байна.
Энэ үеэр Нийслэлийн орон сууцны корпорцын захирал Б.Сүхбаатар “972 айлын орон сууцыг улсын комисс хараахан хүлээж аваагүй байна. Хөгжлийн банктай хийх хэлэлцлийн асуудал гүйцэд дуусаагүй байна. Хотын зүгээс тухайн орон сууцын хүүг бууруулах асуудлаар Хөгжлийн банкинд санал хүргүүлсэн. Хүү буурсан тохиолдолд түрээсийн орон сууцын үнэ ч буурах боломжтой. Түрээсийн орон сууцыг өмчлүүлэх журам нь Засгийн газрын хуралдаанаар батлагдсан. Харин Улаанбаатар хотын "Буянт-Ухаа II" дахь 972 айлын орон сууцын хувьд өөрсдийн гэсэн журам гаргаж дагаж мөрдөх хэрэгтэй байна.
Агаар хөрсний бохирдлыг бууруулах, Улаанбаатар хотын иргэн байх, гэр хорооллын иргэдэд чиглэсэн байх гэсэн шинэ журмаа Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, НИТХ-д өргөн барьсан. Гэвч хэлэлцээгүй байна. Тус журамд залуу гэр бүлийн хувьд нийгмийн даатгал төлсөн хугацаа, хүүхдийн тоогоор нь харгалзан үзэх гэх зэргээр тусгасан.
Журам НИТХ-аар батлагдсаны дараа Хууль зүйн яамаар хянагдана. Энэ хугацааг харгалзаж үзээд түрээсийн орон сууцны бүртгэлийг ирэх долугаар сарын 22-ноос эхлэн цахимаар хийхээр төлөвлөсөн.
Бүртгэл явагдаж дууссаны дараа ирэх наймдугаар сараас иргэдийг түрээсийн орон сууцанд нь оруулахаар төлөвлөсөн. Зөвхөн гэр хорооллын иргэдийн 260 мянга нь тус орон сууцыг түрээслээд, өмчлөх хүсэлтэй байгаа гэсэн судалгаа байна. Цөөнгүй иргэнээс сугалаагаар явуулах нь зүйтэй гэсэн санал ирсэн” гэлээ.