Улаанбаатар хотын авто машин хэрэглэгчид өдөрт нэг цагийг, жилд 45 хоногийг зам дээр түгжирч өнгөрөөдөг болохыг судалгаагаар тогтоожээ. Түүнчлэн замын хөдөлгөөнд өдөрт таван цагийн турш оролцдог иргэдийн 79.2 хувь нь зорилтот ажлынхаа 3/1 буюу 37 хувийг л амжуулдаг хэмээн хариулсан байна. Тиймээс Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээр ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, түгжрэлийг бууруулах, авто машины зөв хэрэглээг хэвшүүлэх, авто зогсоолыг төлбөржүүлэх, менежментийг сайжруулах шаардлагатай талаар ярилцлаа.
Нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр “Нийслэлд байнгын хөдөлгөөнд оролцож байгаа авто машины тоо энэ чигээрээ өсөөд байвал 2025 он гэхэд тэг зогсолт хийнэ. Тиймээс бид ойрын гурван сарын хугацаанд ямар нэгэн арга хэмжээ авч, зоригтой шийдвэр гаргах шаардлагатай.
Бид нийслэлийн авто замын хөдөлгөөн, авто замыг A, B, C гэсэн гурван бүсчлэлд хуваах, нийтийн тээврийн маршрутын зохион байгуулалтыг оновчтой болгох, явган хүн, унадаг дугуйн замыг бий болгох, Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын системийн хоцрогдлыг арилгах зэрэг дөрвөн асуудал дээр ойрын хугацаанд дорвитой арга хэмжээ гаргах хэрэгтэй.
Гурван бүсчлэлд хуваахаар замын хөдөлгөөнд оролцогч жолооч нарын хөдөлгөөнд оролцож байгаа нөхцөл байдал өөрчлөгдөнө. Бид эхний хоёр бүсэд авто зогсоолыг хангалттай шийдэж өгөхөөр тооцож байна. Гэхдээ энэ зогсоолуудыг бүгдийг төлбөртэй болгоно3 гэдгийг онцолсон юм.
Улаанбаатар хотын төвийн хэсэгт 50-60 машины зогсоолд 08:00-18:00 цагийн хооронд өдрийн турш тандалт хийхэд дунджаар 10 машины зогсоол дээр л сэлгэлт хийгддэг байна. Бусад зогсоол дээр ойр орчмын албан байгууллага, үйлчилгээний газруудын ажилчдын машин өдөржин зогсдог байна. Ажлын хэсгийн гишүүд тухайн асуудлуудыг хэлэлцэж, саналаа тусган дахин боловсруулахаар боллоо.
Ачигч машинуудын журмыг шинэчлэн танилцуулахыг үүрэг болгов
Хурлын төгсгөлд нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх “УБЗАА-ныхан замын тэмдэг тэмдэглэгээг энэ баасан гараг гэхэд хийж дуусгах хэрэгтэй. Нийтийн тээврийн үйлчилгээний газрынхан богино эргэлт, төлөвлөлт, зогсоолоос хотын төв рүү ороход үнэгүй зорчих техник, эдийн засгийн тооцоолол, үндэслэлийг гаргаж энэ Баасан гарагт танилцуул.
Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт хөгжлийн газар, УБЗАА, Авто замын хөгжлийн газар хамтраад зогсоолын асуудлыг судалж, энэ долоо хоногт багтаан шийдвэрлэ. Ачигч машинуудын журмыг шинэчлэн танилцуул. Тээврийн цагдаагийн газрынхан бүсчлэлд шаардлагатай тэмдэг тэмдэглэгээнийхээ тооцоог гаргаад холбогдох байгууллагуудад нь өгөөд бэлдүүл. Энэ баасан гарагт бүгд өгсөн үүрэг даалгаварыг бэлэн болгоод танилцуул” хэмээн холбогдох албан тушаалтнуудад үүрэг чиглэл өглөө.
Г.Алимаа