Шүүгчийн томилгооны асуудлаар “Оюуны инноваци” ТББ-ын тэргүүн, хуульч П.Баттулгатай ярилцлаа.
-Шүүгчийн томилгооны асуудал их яригдаж байна. Шүүгчийг томилоход ямар асуудал тулгарч байна вэ?
-Шүүгчийг сонгон шалгаруулах томилгоонд ойлгомжгүй, тодорхой бус асуудлууд олон бий. Мөн шийдвэрлэгдэж байгаа зүйл ч бий. Ялангуяа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг тодорхой зааж тусгаж өгөх. Үүнийг ямар журмаар томилох, тэнд оролцогчдын шүүгч, хуульчдын төлөөллийн тэнцвэртэй байдлыг бүрдүүлэх зэрэг асуудал тусгагдсан. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс санал болгосон нэр дэвшигчийг Ерөнхийлөгч батламжлахаас татгалздаг, эсхүл батламжлахгүй гацаах асуудал гарч байсан. Энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор Ерөнхийлөгч Шүүхийн ерөнхий зөвлөлөөс санал болгосон нэр дэвшигчийг 21 хоногийн дотор батламжилна. Хэрэв Үндсэн хуульд заасан шаардлага хангаагүй бол үндэслэлээ олон нийтэд мэдээлэх асуудал төсөлд тусгагдсан. Мөн шүүгчийн сонгон шалгаруулалтын хувьд Үндсэн хуулиар шийдвэрлэх зохимжгүй асуудлыг ердийн хуулиар зохицуулна.
Шүүхийн ерөнхий зөвлөл дэргэдэх Шүүхийн мэргэжлийн хороо гэж байдаг. Уг байгууллага нь нэр дэвшигчдийн мэдлэг, ур чадвар зэрэг олон зүйлийг шалгадаг. Ингээд тодорхой босго давсан нэр дэвшигчдээс Шүүхийн ерөнхий зөвлөл нэг хүнийг сонгон Ерөнхийлөгчид хүргүүлдэг. Энэ процессод эргэлзээтэй асуудал олон бий.
-Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн хараат бус байдлын асуудал их яригдаж байна. Энэ талаар та юу гэж боддог вэ?
-Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгчийн бие даасан хараат бус байдлыг хангах үндсэн үүрэгтэй. Гэхдээ энэ байгууллага хэдэн хүний бүрэлдэхүүнтэй, хэн, хэнийг томилох асуудлыг тодорхой заагаагүй. Үндсэн хуулиар тодорхой зааж өгсөн тодорхой зохицуулалтгүйн улмаас зөвлөлийн гишүүдийн тоог нь ихэсгэх, бууруулах зэрэг органик хуулиар өөрчлөх боломж байна. Энэ нь эргээд Шүүхийн ерөнхий зөвлөл улстөрчдөөс хараат бус ажиллах нөхцөл нь хангагдахгүй байх асуудал үүсгэдэг. Харин Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслөөр гурван шатны шүүхээс тав, УИХ-аас тав, таван шүүгч, таван хууль зүйн өндөр мэргэшилтэй хүн байна. Үүнийг УИХ-ын чуулганы хуралдаан оролцсон гишүүдийн гуравны хоёр нь дэмжсэн тохиолдолд томилно гэсэн заалт оруулсан. Энэ магадгүй батлагдвал, Шүүхийн ерөнхий зөвлөлийн бие даасан хараат бус байдал хангагдах гол нөхцөл бүрдэх болов уу.
-Шүүгчид шударга шийдвэр гаргахад тулгамдаж байгаа ямар асуудал байна вэ?
-Шүүгчид хараат бус ажил үүргээ явуулахад олон хүчин зүйл нөлөөлнө. Тухайлбал, томилогдсоныхоо дараа ямар нэгэн байдал буюу хууль бусаар албан тушаалаасаа чөлөөлөгддөггүй байх, бүрэн эрхийн баталгаа эсхүл өөр шүүхэд сэлгэн томилох нөхцөл, журам нь тодорхой байх. Түүнчлэн цалин, хөлс зэрэг асуудал байна. Мөн өөрийн дэд бүтэц, орон сууц зэрэг олон хүчин зүйл шүүгчийн хараат бус байдлыг бүрдүүлнэ. Одоогийн байдлаар гаднын улстөрчдийн нөлөөллийн асуудал ялангуяа, сүүлийн үед сошиалаар тархаж байгаа олон нийтийн нөлөөллийн асуудал их яригдаж байна. Нөгөөтэйгүүр, 2013 оны Шүүхийн бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр 13 шүүгчийн асуудлыг томилоогүй орхигдуулсан асуудал, ажлаас нь чөлөөлсөн, өөрийнх нь зөвшөөрөлгүй хөдөө орон нутгийн шүүхэд томилсон гээд олон асуудал байна. Хамгийн сүүлд Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд Үндэсний аюулгүй байдлыг зөвлөмж гарсан бол шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлнэ гэдэг заалт нэмэлт, өөрчлөлт орсон. Энэ нь шүүгчийн хараат бус бие дааж ажиллахад эрсдэлд оруулах хүчин зүйл юм.
-2015 онд Нээлттэй нийгэм форумаас Шүүгчдийн хараат бус байдлын судалгаа хийсэн. Энд шүүгчид хараат бус ажиллаж чадахгүй байгааг судалгаанд оролцсон ихэнх хуульчид хэлсэн байсан. Мөн өнгөрсөн онд шүүхийн байгууллага авлигын индексээрээ тэргүүлсэн судалгаа гарсан. Тэгэхээр та судлаач хүний хувьд уг асуудлыг засч сайжруулах ямар гарц шийдэл байна гэж харж байна вэ?
-АТГ шүүх байгууллага авлигад идэгдсэн байгууллагаар тодорсон талаар олон нийтэд зарласан. Гэхдээ ямар судалгаан дээр яаж үндэслэсэн тодорхой биш. “Оюуны инноваци” төрийн бус байгууллагаас энэ жил Монгол дахь шүүхийн авлигын асуудлыг судалсан судалгааг хийж байна. Энэ талаар өмнө нь дагнаж хийсэн судалгаа огт байдаггүй. Авлига гэдэг нь зөвхөн мөнгө өгч, авалцах асуудал биш. Авлига өгч болох эрсдэл, ашиг сонирхлын зөрчил үүсч болох эрсдэл зэргийг нарийн тооцож гаргаж ирнэ. Манай байгууллагын хувьд судалгааны ажлаа эхлүүлээд явж байна. Үр дүн ирэх арваннэгдүгээр сард гарна гэж төлөвлөж байна.
-Шүүгч нарыг голчлон ямар шалтгаанаар ажил үүргээс нь чөлөөлж байна вэ?
-Авлига авч, гэмт хэрэг үйлдэн чөлөөлөгдөж байгаа шүүгч байхгүй. Олон нийтийн зүгээс авлига авсан зэрэг асуудал яригддаг боловч энэ нь нотлох баримттай биш. Хэдхэн хоногийн өмнө хоёр шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлж, АТГ дээр шалгагдаж байгаа юм шиг зүйл сонсогдсон. 2016-2018 онд авч үзэхэд зүй бусаар чөлөөлөгдсөн асуудал байхгүй. 2013, 2014 оны үед шүүхийн бүтэц зохион байгуулалтыг шинэчлэх үед чөлөөлөгдсөн шүүгч нарын асуудал одоог хүртэл шийдэгдээгүй байна.
-Үндэслэлгүй хөрөнгөжсөн зургаан шүүгчийн асуудал прокурор дээр очоод гацсан. Энэ талаар мэдээлэл байна уу?
-Энэ талаар мэдээлэл байхгүй байна. Бүрэн эрх нь түдгэлзсэн асуудал гараагүй. Ийм асуудал гараад хэрэг нь яасан эсэх нь мэдэгдэхгүй байгаад байна.
-Ер нь шүүгчийг Ерөнхийлөгч томилох нь зөв юм уу?
-Бусад улсын хувьд ч төрийн тэргүүн нь томилдог жишиг байна. Ерөнхийлөгч томилно гэдэг нь хүлээн зөвшөөрөгдөх чанарыг нь илүү хангаж байна гэсэн үг. Ерөнхийлөгч томилно гэдэг нь захирна гэсэн үг биш.
-Тэгвэл Ерөнхийлөгч томилгоо хийснээс болж хуульчдын хараат бус байдал бий болж байна гэдэг асуудал яригддаг шүү дээ?
-Бодит байдал дээр Ерөнхийлөгч томилох эрхтэй шиг ээ татгалзах ч эрхтэй шүү дээ. Эрхээ хэрэгжүүлсэн хэрнээ татгалзахдаа ямар нэгэн үндэслэл заахгүй байгаагаас болж Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс санал болгосон нэр дэвшигчийг 21 хоногийн дотор батламжилна гэж заасан.
-Үе үеийн Ерөнхийлөгч шүүгчийг томилохоос татгалзсан хэчнээн тохиолдол байсан юм бол?
-П.Очирбат Ерөнхийлөгчийн үед шүүгчийг томилохоос татгалзсан тохиолдол гараагүй. Харин Н.Багабанди Ерөнхийлөгчийн үед ганц нэг тохиолдол гарсан. 2015 онд хийсэн судалгаагаар Ерөнхийлөгч батламжилахаас татгалзсан 20 гаруй тохиолдол байсан. Одоогийн Ерөнхийлөгч ч гэсэн 2-3 шүүгчийн томилохоос татгалзсан.
Б.Лхам
Сэтгэгдэл (1)