Монголбанкнаас санаачлан “Хариуцлагатай харилцагч–Хариуцлагатай банк” аяныг зургаан сарын хугацаатайгаар хэрэгжүүлж эхэллээ. Аяны хүрээнд харилцагчдад чиглэсэн дараах арга хэмжээнүүдийг шат дараатайгаар хэрэгжүүлэх юм. Үүнд, банкны санхүүгийн чадавхийг илэрхийлдэг үзүүлэлтүүдийг иргэдэд ойлгомжтой мэдээлж, тайлбарлах, санхүүгийн бүтээгдэхүүнүүдийг зохистой сонгоход дэмжлэг үзүүлэх, мэдээлэл сургалт зохион байгуулах, хадгаламжийн даатгалын тогтолцооны талаар бүрэн мэдээлэл өгөх, банкны үйл ажиллагааны талаарх цогц ойлголтыг олгох, санхүүгийн системийн тогтвортой байдлыг хангахад санхүүгийн хэрэглэгчийн мэдлэгийг дээшлүүлэх, санхүүгийн салбарын шударга өрсөлдөөнийг бэхжүүлэх нь чухал үүрэгтэй.
Үүний тулд “Хариуцлагатай харилцагч – Хариуцлагатай банк” аяныг хэрэгжүүлснээр иргэд, олон нийтэд банкны үйл ажиллагааны талаар цогц мэдээлэл олгох хэмээн үзэж байгаа аж. Аяныг хэрэгжүүлэхэд Монголбанкнаас гадна Монголын Банкны Холбоо, Хадгаламжийн Даатгалын Корпораци хамтран ажиллах юм.
2018 оны нэгдүгээр сард Төв банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсны дагуу Монголбанкны үйл ажиллагааны чиглэлд “Банкны харилцагч, хадгаламж эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах” заалт шинээр орж ирсэн. Үүнтэй холбоотойгоор Монголбанкнаас Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.
Сэтгэгдэл (1)