Үндэсний статистикийн хорооноос нийгэм, эдийн засгийн байдлын талаар мэдээлэл хийлээ.
Энэ оны тавдугаар сарын байдлаар хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд 35.3 мянга, үүнээс 23.5 (66.5 хувь) мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 11.8 (33.5 хувь) мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна.
Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 512 (2.1 хувь) хүнээр буурч, өмнөх сараас 1040 (4.6 хувь) хүнээр нэмэгдсэн байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 12.2 (52 хувь) мянга нь эмэгтэйчүүд байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 7.3 (31.2 хувь) мянга нь Улаанбаатарт, 5.9 (25 хувь) мянга нь Хангайн бүсэд, 4.1 (17.4хувь) мянга нь Баруун бүсэд, 3.8 (16.3 хувь) мянга нь Төвийн бүсэд, 2.4 (10.1 хувь) мянга нь Зүүн бүсэд ногдож байна.
Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд энэ оны нэгдүгээр улиралд нийт 40.6 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 643.2 мянган ажиллагчид хамрагдсан байна. Шимтгэл төлж буй ААНБ-ын тоо өмнөх оны мөн үеэс 1.8 (4.7 хувь) мянгаар, ажиллагчид өмнөх оны мөн үеэс 41.1 (6.8 хувь) мянгаар тус тус нэмэгджээ. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд хамрагдсан эдгээр ажиллагчдын 62.9 (9.7 хувь) мянга нь 320000 төгрөг хүртэлх цалинтай, 83.5 (13 хувь) мянга нь 320001-500000 төгрөгийн цалинтай, 209.8 (32.6 хувь) мянга нь 500001-900000 төгрөгийн цалинтай, 144.2 (22.5 хувь) мянга нь 900001-1300000 төгрөгийн цалинтай, 35.5 (5.5 хувь) мянга нь 1300001-1500000 төгрөгийн цалинтай, 107.3 (16.7 хувь) мянга нь 1500001 төгрөгөөс дээш цалинтай байна. Ажиллагчдыг цалин хөлсний бүлгээр авч үзэхэд өмнөх улирлаас 500001-900000 төгрөгийн цалинтай ажиллагчид 3.6 мянгаар буурсан бол 1100001-1300000 төгрөгийн цалинтай ажиллагчид 3.8 мянгаар, 1500001 төгрөг ба түүнээс дээш цалинтай ажиллагчид дөрвөн мянгаар нэмэгдсэн байна.
Нийгмийн даатгалын ерөнхий газар болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого оны эхний тавдугаар сард 1101.3 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 179.7 (19.5 хувь) тэрбум төгрөг, зарлага 972.4 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 114.7 (13.4 хувь) тэрбум төгрөгөөр тус тус өслөө.
Улсын хэмжээнд 2019 оны эхний тавдугаар сард 31.7 мянган эх амаржиж, 32.0 мянган хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 174 (0.6 хувь)-өөр, амьд төрсөн хүүхэд 188 (0.6 хувь)-аар нэмэгдсэн байна. Энэ оны 5 дугаар сард 6835 эх амаржиж, 6899 хүүхэд төрүүлсэн нь өмнөх сараас амаржсан эх 157 (2.4 хувь)-гоор, амьд төрсөн хүүхэд 176 (2.6 хувь)-гаар нэмэгджээ. Улсын хэмжээнд оны эхний тавдугаар сард 15.8 мянган гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 2180 (12.1 хувь)-аар буурчээ. Нийт гэмт хэргийн тоо өмнөх оны мөн үеэс буурахад залилах гэмт хэрэг 471 (20.2 хувь), мал хулгайлах гэмт хэрэг 337 (80.4 хувь), авлигын гэмт хэрэг 192 (13.8 дахин), хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 106 (38.3 хувь), гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 76 (57.1 хувь), хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг 66 (17.7 хувь), хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 60 (11.6 хувь)-аар өссөн хэдий ч өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 2098 (17.9 хувь), хулгайлах гэмт хэрэг 2813 (38.8 хувь), дээрэмдэх гэмт хэрэг 424 (48.3 хувь), хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 565 (13.4 хувь)-аар буурсан нь голлон нөлөөлжээ.
Б.Лхам