Монголын санхүүгийн салбарын төлөөлөгч, эдийн засагч Ө.Ганзоригтой ярилцлаа. Тэрбээр эдийн засгийн айсуй хямрал, “хуйсганасан” улстөрчдийн өнгөнөөс үүдсэн эдийн засгийн уналт гээд Монгол Улс нэг л болж өгөхгүй байгаад сэтгэл дундуур байгаагаа нуугаагүй юм.
-Та яг өнөөдрийн Монгол Улсынхаа хөгжилд ямар дүн тавьж сууна вэ?
-Бидний хувьд 1990 оноос хойш чөлөөт эдийн засагт шилжиж эхэлсний 30 жилийнхээ ойтой золгох гэж байна. Энэ хооронд гаргасан ололт байгаа. Гэхдээ алдаа нь илүү юм байна гэж эдийн засагч хүний хувьд дүгнэж байгаа. Үүнийг хувь хүний үзэл бодол гэхээс илүү статистик дээр үндэслэж гаргах ёстой гэж үзэж байна. Өнөөдөр монгол хүний өрсөлдөх чадвар, боловсролын чанар, агаар утааны бохирдол, нэг хүнд ногдох үндэсний баялаг, ядуурлын хувь хэмжээгээр дунджаар дэлхийд 100-аас хойшоо байранд явж байна. 30 жил хэр урт хугацаа вэ гэж яримаар байна. Би эдийн засагч хүний хувьд шүүмжлэлтэй хандмаар байна. Бид ер нь шилжиж дууссан уу гэдэг асуудал гарч ирж байна.
-30 жил гэдэг таныхаар хангалттай хугацаа мөн үү?
-Сүүлийн үед маш олон тооны хүн “дахиад 30 жил явбал гайгүй болох байх” ч гэдэг юм уу, эсвэл “сүүлийн 30 жил үүнээс илүү яаж хөгжих байсан гэж” гэсэн зүйл их ярьж байна. Би бол олон улсын практик дээр үндэслэж яримаар байна. Хөгжлийн эдийн засаг гэж онол байдаг. Энэ онолоор улс орнууд ямар хугацаанд хөгжиж, ядуу ангиллаас баян ангилалд шилжиж болохыг судладаг. Жишээ нь бидний сайн мэдэх Сингапур гэж улс байна. 30 жилийн дотор яг Монгол шиг цэгээс эхлээд нэг хүнд ногдох үндэсний баялгаар тэргүүлэх орны тоонд шилжиж чадлаа. Бүүр дэлхийн санхүүгийн төв боллоо шүү дээ. Монголчуудын их очдог Өмнөд Солонгос байна. Бас л 30 жилийн хугацаанд хөгжөөд, Самсунг гэж компани дэлхийн брэнд болж, уг брэндийн утсыг Америк, европчууд хэрэглэнэ гэдгийг 30 жилийн өмнө хэн ч зүүдлээгүй. Хэн ч төсөөлөөгүй. Хятад байна. Нэг хүнд ногдох баялгаар Монгол Улсаас ядуу байсан ч өнөөдөр нэг хүнд ногдох баялгаар 2.5 дахин илүү баян болчихоод байна. Цаашид хөгжил дэвшлээрээ тэргүүлээд явах нь. Өнөөдөр сүүлийн 30 жил төр улсыг удирдаж ирсэн хүмүүс ололт амжилтаа их яриад алдаа дутагдлаа олж харахгүй байх хандлага байна. Үүнийг буруу гэж бодож байгаа. 30 жилд юунд хүрч чадах байсан бэ гэдгээ зөв тооцсоноор дараагийн 30 жилийг төлөвлөх боломжтой. Яг өнөөдрийн эдийн засгийн нөхцөл байдлыг харвал маш эгзэгтэй байдалд байна. Манай Монгол Улсын валютын нөөц харьцангуй бага байна. Санасан хэмжээнд хүрч өссөнгүй. Экспортын орлого нүүрс, зэстэй холбоотойгоор өсч байгаа боловч импортын зарлага илүү дүнгээр өсч байгаа нь нөлөөлж байна. Ард иргэдэд хэрэглэх хэрэглээ маш их байна. Бид дэлхийгээс хэрэглээгээрээ хоцорчихсон. Хүмүүс хэрэглэмээр байна. Ингээд маш их бараа бүтээгдэхүүн худалдаж авахаар бид дотооддоо бараг юу ч үйлдвэрлэдэггүй учир бүгд импорт болж гарч явчихаад байна. Тэгэхээр валютын нөөц санг зузаатгах шаардлага байна.
Валютын нөөцийг сайжруулья гэхээр экспортыг нэмэгдүүлэх хэрэгцээ гарч ирж байна. Хоёрдугаарт бид гадаад хүмүүсийн барьж ирдэг мөнгө буюу гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлага байна. Гэтэл 2012 оноос эхлээд гадаадын хөрөнгө оруулалтыг үргээсэн, хөрөнгө оруулагч нарыг түгшээсэн мэдэгдлийг улстөрчид, хууль шүүхийнхэн хийж ирлээ. Энэ мэдэгдлүүд, үйлдлүүд бүхэлдээ гадны хөрөнгө оруулагчдыг үргээсэн. Гадаадын хөрөнгө оруулагчийн уул уурхайн лицензийг цуцалдаг, эсвэл ямар нэг маргаанаас үүдээд шалгаж байгаа нэрийдлээр шоронд суулгадаг ч юм уу. Энэ нөхцөл байдлыг Монгол улс юмаа мэдэж байна, ингэж хандах эрхтэй гэж тайлбарладаг.
Гадаадын хөрөнгө оруулагч гэж зохиомол мангас үүсгээд баатрын дүрд тоглох хэрэггүй
-Монгол Улс эзэн нь юмаа мэдэж эрэг нь усаа хашдаг гэх зарчмаар ажиллах ёстой гэцгээж байна.
-Тэр үнэн. Монгол улсын эрх ашгийг хэн ч хөндөх ёсгүй. Гэхдээ зүгээр популист зорилготой, гадаадын хөрөнгө оруулагч гэж зохиомол мангас үүсгээд тэрнээс хамгаалах гэж байгаа баатрын дүрд тоглох гэсэн ухвар мөчид улстөрчийн мэдэгдлээс болоод хөрөнгө оруулалт хэрхэн буурсан бэ гэдгийг статистик баримтаас харж болно. Яг өнөөдөр манайд томоохон гэвэл Оюутолгойн хөрөнгө оруулалт л байна шүү дээ. Түүнээс биш Улаанбаатар хотод мөнгөө барьж ирээд орон сууцны төсөл эхлүүлж байгаа, Дарханд очоод үйлдвэрийн барилга барьж байгаа, Сэлэнгэд очоод газар тариаланд хөрөнгө оруулж байгаа гадаад хүн байхгүй болсон. 2012 оноос өмнө тийм хүмүүс маш их байсан. Би санхүүгийн салбарт ажилладаг учир маш сайн мэдэж байна. Бид Хонгконгод “Монголд хөрөнгө оруулалт” гээд жил бүр хийдэг чуулгантай байлаа. Тэр чуулганд суудал олддоггүй байв. Хамгийн том хөрөнгө оруулалтын банк, сангуудын дарга нар ирж оролцдог байсан. Гэтэл сүүлийн хоёр жил энэ арга хэмжээ зохиогдоогүй. Би хамгийн сүүлд гурван жилийн өмнөхөд нь явсан. Тэнд бараг хүн ирээгүй. Тэгэхээр гадаадын хөрөнгө оруулагчид хэдэн саяуулаа байгаа, хоёрыг нь гомдоогоод явуулахад цаана нь ирэх хүн зөндөө байгаа гэж Монголын улстөрчид төсөөлдөг юм шиг байна лээ. Харамсалтай нь би мэргэжлийн диллер хүн, олон улсын санхүүгийн зах зээл дээр ажилладаг хүний хувьд хэлэхэд тийм зүйл байхгүй. Хонгконг, Лондон, Сингапур, Нью-Иорк гэсэн хөрөнгө оруулалтын дөрөвхөн төв байгаа шүү дээ. Тэр дөрвөн төв манай Сүхбаатарын талбайг тойроод хэдэн шилэн байшин байгаа шиг хотынхоо төвд хэдэн шилэн байшин л байгаа. Тэр шилэн байшин дотор бүх хөрөнгө оруулалтын сан, банкууд нь сууж байдаг. Доод талын кофе шоп, хоол ундад байнга бие биетэйгээ уулзаж мэдээлэл солилцож байдаг. Дэлхийн хөрөнгө оруулалтын захыг хөдөлгөж байдаг хэдхэн хүн байдаг. Энэ хүмүүс чинь хоорондоо ярьчихаж байгаа юм. Ингээд Монгол руу хөрөнгөө оруулая, очиж судлая гэж байсан хүмүүс бүгд үргэсэн. 2011 онд Монгол улсыг дараагийн Катар, Кувейт болох юм байна гээд Монголын банк санхүүгийн удирдлага, сайд дарга нарыг очиход бүх том банкны дарга нар уулзая гэж хүсдэг байсан. Одоо манай сайд, дарга нар банк санхүүгийн захирлуудтай уулзая гэхэд уулзах хүн олдохгүй болсон.
-2012 онд нөлөөлсөн гол хүчин зүйл юу вэ. Тухайн үед хөгжлийн нэртэй яам хүртэл байгуулагдаж байсан шүү дээ?
-Бид 1990 оноос хойш гадаадын хөрөнгө оруулагч нарыг татах гэж маш олон жил оролдсон. Эцэст нь 2010 оноос эхлээд гадаадын хөрөнгө оруулагч гэнэтхэн Монголыг маш хүчтэй сонирхож эхэлсэн. Үүнд хэд хэдэн хүчин зүйлс нөлөөлсөн. Нэгдүгээр Хятадын эдийн засгийн гайхамшигтай өсөлт. Хоёрдугаарт Монголын уул уурхайн баялаг ба түүнийг Хятадад нийлүүлэх боломж. Гуравдугаарт Монгол нь ардчилсан, чөлөөт улс бөгөөд гадаадын хөрөнгө оруулагч нарт найрсаг гэсэн гадаадын хөрөнгө оруулагч нарын төсөөлөл. Ийм л гурван зүйлийн үндсэн дээр дэлхийн бүх нэр хүндтэй хүмүүс Монголд мөнгөө хийхэд бэлэн болсон байсан. Хүссэн юм хүзүүгээр татсан. Гэнэтхэн л улс төрчид гадаадын хөрөнгө оруулагч гэж зохиомол мангас гаргаж ирээд намнаад эхэлсэн. Өөрсдөө хамгаалагч баатрын дүрд хувираад. 2012 оны гадаадын хөрөнгө оруулалтын хуулиас эхлээд л маш олон үйл явдал боллоо шүү дээ. Сүүлдээ BBC телевизээр хүртэл Монголд байдаг неонацист бүлэглэлийн тухай баримтат кино гарч байгаа юм. Жишээ нь гадаадын хөрөнгө оруулалттай компани дээр үүссэн татварын маргаанаар захирлыг нь маш урт хугацаагаар шалгаж байгаа нэртэй хорьчихож байгаа юм. Монгол улсын хууль зөрчсөн хэн ч шийтгэл хүлээх ёстой. Гагцхүү яагаад байгаа нь мэдэгдэхгүй, улс төрийн тоглолт, гадаадын хөрөнгө оруулагч нарыг чиглэсэн намнах ажиллагаа явагдаж байгаа мэтээр л олон улсад харагдсан, ойлгогдсон. Туйлын хариуцлагагүй үйл явдал болсон.
Ямар ч хөрөнгө оруулагч зовж байж олсон хөрөнгөө Монгол шиг эрсдэлтэй улсад оруулж алдахыг хүсэхгүй. Лицензийг нь цуцладаг, захирлыг нь шоронд хийдэг улс руу хийхгүй. Тэр мөнгө маш их хөдөлмөрөөр олсон мөнгө байгаа. Хоёрдугаарт тэр мөнгийг оруулах орон зай дэлхийд хангалттай байна. Би энэ улсын санхүүгийн зах зээл дээр 20 шахам жил ажиллаж байна. Ер нь Монгол ашигтай юм чинь ирж л таараа гэдэг буруу таамаглал манай улстөрчид, эдийн засагч, хуульчдын толгойнд явсан.
Тавантолгойн IPO-г хийснээр хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж болно
-Одоо нэгэнт алдагдсан итгэлийг сэргээхийн тулд том компанит ажил хийх ёстой байх. Нэлээн хэдэн жилийн хичээл зүтгэл шаардсан ажил болох байх. Ямар алхам хамгийн оновчтой вэ. Өнөөх л татварын хөнгөлөлт үү?
-Үгүй. Монгол Улсаас олон улсын бирж дээр IPO хийж мөнгө босгосон компани байна. Энержи ресурс гэж. Энэ компани 2010 онд анх гарахад үнэлгээ нь 3-4 тэрбум ам.доллар байсан. Тэр компанийн хувьцаа эзэмшигчид дэлхийн тэрбумтнуудын жагсаалтад ороод л. Тэр цагаас хойш үнэ нь 70 дахин уначихаад байна. 7 хонг конг доллараас 10 цент гэхээр. Энэ бол хөрөнгө оруулагчдаас Монгол улсад тавьж байгаа дүн шүү дээ. Хувьцаа нь яагаад унаад байна вэ. Монгол улс гоё юм байна, гоё компани гарч байна гээд итгэл тавиад хөрөнгөө оруулсан хүмүүс бүгд зараад гарч байна гэсэн үг. Миний бодлоор төр засгийн зүгээс уул уурхайн төслүүдийг яаралтай хөдөлгөх хэрэгтэй. Нэгдүгээрт Оюутолгойн асуудлаа нэг мөр болгооч ээ. Ардчилсан нам ч гарсан, МАН ч гарсан 4 жил засаг барихад уул уурхайн сайд нь 2-3 солигддог шүү дээ. Гарсан сайд, улстөрчид нь популизм хийдэг. Нэг хүн гарч ирээд яг харь гаригаас ирсэн юм шиг Оюутолгойн гэрээ тийм байна гэж ярьдаг. 2009 онд хийгдсэн гэрээг 2011-2012 онд нь уншиж танилцаад өөрийнхөө үзэл бодлыг тогтоочихсон байдаггүй юм уу. Албан тушаал авахаараа л гэнэт нэг юм ойлгоод баахан популизм хийгээд алга болчихдог. Тэгэхээр энэ Оюутолгойтой холбоотойгоор хаврын синдром гэдэг шиг жил бүрийн хавар улс төрийн хийрхэл явдаг. Үүнийг чинь дэлхий тэр чигээрээ харж байна. Үүнийгээ нэг мөр болгооч ээ. 2020 оны сонгуульд 200-300 ч юм уу, хэдэн хүн өрсөлдөх юм, тэр болгон очиж хэдэн хоног сууж гэрээгээ судлаад зөв, буруу заалтаа хэлэлцээд нэг талдаа гараач ээ. Чи муу хүүхэд гээд байн байн загнадаг багш шиг. Нөгөө хүүхэд нь гайхаад яг юу нь муу юм гээд гайхаад. Тэгвэл яг тодорхой хэлчихмээр байна шүү дээ. Бид яг ийм заалт дээр дурамжхан байна. Гэхдээ нэгэнт гэрээ хийсэн юм чинь цаашаагаа явъя даа гэх юм уу. Эсвэл энэ заалт дээр дурамжхан байна. Тиймээс энэ заалтуудыг өөрчилж байж л урагш явна гээл хэлчихмээр байна. Тэгэхгүй аймаар бүдэг бадаг. Зүгээр шоу болгодог. Үүнээс ард түмэн залхаж, эдийн засагт хохирол учирч, гадаадын хөрөнгө оруулагчид ирэхгүй байна. Монголын өмнө шийдэх боловсрол, эрүүл мэнд, дэд бүтэц асар гээд олон асуудал байна. Үүнийгээ шийдэхгүй улс төрчид нь ганц гэрээ яриад 10 жил боллоо.
Хоёрдугаар асуудал энэ Тавантолгойн төсөл байна. Үүнийг хөдөлгөмөөр байна. Энэ төслөөр дамжуулаад олон улсын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж болох юм болов уу гэж хараад байна. Тавантолгой төслийг IPO хийнэ гэж өмнө нь нэг удаа УИХ-ын тогтоол гарсан. Тухайн үед амжиж хийж чадаагүй. 2011 онд уг төслийн IPO-г хийчихсэн байсан бол ойролцоогоор 6 орчим тэрбум ам.долларын үнэлгээ хүрэх байсан. Энэ бол тухайн үеийн хүмүүсийн ярьж байсан тоо. Ингээд бид 49 хувиа олон улсын хөрөнгийн зах зээл дээр эргэлтэд оруулсан бол 3 орчим тэрбум ам.долларын бэлэн мөнгө авах байсан. IPO гэдгийг хүмүүс зөвөөр ойлгох хэрэгтэй. Энэ бол өр, зээл биш. Монголчууд эргүүлж төлөх үүрэг хүлээхгүй. Бид гадаадаас зээл аваад байна шүү дээ. Үүнийг эргүүлээд хүүтэй нь төлнө. Одоо тэр Оюутолгойн 34 хувийг зээлээр авчихсан. Хүү нь хуримтлагдаад 500 сая ам.доллар болсон гэж хэвлэл дээр гарсан байна лээ. Хэрэв бид Тавантолгойд IPO хийгээд 49 хувийг нь зарчихсан бол 3 тэрбум доллар. Монголын ард түмний мөнгө болох байсан. Тэгээгүйгээс болоод бид Чингис бондыг гаргасан. 1 тэрбум 500 сая ам.доллар. Энэ мөнгөө яаж төлөх вэ гээд одоо шоконд орчихсон сууж байна. Валютын нөөц бага байдаг. Гэтэл энэ төлбөрүүд 2020-2021 оноос төлөх хүлээлттэй байна. Нүүрсний үнэ өндөр буюу 2011 онд багтаж IPO хийгээгүйгээс болоод 2013 оноос нүүрсний үнэ навс унаж байгаа юм. Хоёрдугаарт эрэлт байхгүй болж байгаа юм. Хятадын эдийн засгийн өсөлт саарсантай холбоотойгоор. Ингээд сая үүлэн чөлөөний нар гэдэг шиг 2016 оноос эргээд сэргэлээ. 2019 онд аятайхан байна. Гэхдээ дахиад уналт ирж байгаа юм биш үү гэсэн таамаглалыг олон улсын шинжээчид их хийж байна. Тэгэхээр Тавантолгойгоо хөдөлгөөд шаардлагатай мөнгө санхүүгээ босгоод төмөр зам, угаах үйлдвэрээ бариад, бондын мөнгөнөөсөө нимгэлээд явахгүй бол болохгүй нь гэсэн дүр зураг харагдаж байгаа. Тэгэхгүй бол улсын гадаад өр хэдэн арван тэрбум доллар болчихлоо шүү дээ. Эдийн засгийн эгзэгтэй үе байна. Гадаад өр, гадаад валютын нөөц гэдэг талаасаа эгзэгтэй байна. Гэхдээ зөв момент үе бас байна. Нүүрсний үнэ өндөр нэг үе байна шүү. Өмнөх шиг алдав. Хэрэв бид 2011 онд 3 тэрбум ам.доллар дахиж төлөхгүйгээр босгож чадсан бол 2013-2015 он гэх зэргээр үнэ унасан үед бүтээн байгуулалтаа хийгээд сууж байх байсан.
-Тэгэхээр та энэ удаад л амжихгүй бол эргээд 7-10 жил хүлээх эрсдэл байна гэх гээд байна уу?
-Тийм ээ. Одоо өсөлт, үнэ өндөр байна. Дахиад цааш хэр өсөх вэ. Унах эрсдэлээ тооцоод хурдан шийдвэр гаргах хэрэгтэй. Энэ бол эдийн засгийн шийдвэр. Улс төрийн шийдвэр биш шүү гэдгийг одоо засаг барьж байгаа нөхдөд хандаж уриалмаар байгаа юм.
Улс төрийн аливаа шийдвэр зөв моментийг олж, тэр боломжийг ашиглаж хамгийн өндөр үнээр хувьцааг борлуулах, хамгийн бага зардлаар тоног төхөөрөмжөө худалдаж авах зэргээр явдаг. Улстөрчид хоорондоо хэрүүл хийсээр байгаад 2020 оноос нүүрсний үнэ 2-3 дахин унавал яах вэ. Дахиад л Тавантолгойн IPO-гийн асуудал 7-8 жилээр хойшилно. Ганц IPO-г 20 жил ярьсан ард түмнээр л тодорно шүү дээ. Би үнэ ханшийг 2020-2021 онд хэд болохыг хэлж чадахгүй. Хэн ч хэлж чадахгүй. Нөхцөл байдал ямар байна гэхээр нүүрсийг орлох нар салхины эрчим хүчний өртөг байнга хямдарч байна. 5 жилийн өмнө нүүрсээс өндөр байсан. Өнгөрсөн оны мэдээг аваад үзэхэд өртөг нь нүүрстэй ижил боллоо гэж байна. Ган хайлуулах асуудал. Гангийн үйлдвэрлэл талд Хятад 30 гаруй жил өслөө. Эдийн засаг нь тасралтгүй ингэж удаан өссөн тохиолдол дэлхийн түүхэнд байгаагүй. Энэ өсөлт хэзээ унах вэ. Эдийн засаг өссөний дараа заавал унадаг цикльтэй. Миний мэдэж байгаагаар энэ уналтыг дэлхийн эдийн засагчид сүүлийн 15 жил хүлээж байгаа. Хятадын эдийн засаг зөөлөн газардаж чадах уу гэж л ярьдаг. Эсвэл хүчтэй унаж сүйрэх юм биш биз дээ гэсэн таамаглал байнга явж байгаа. Энэ таамаглал явснаас хойш 15 жил өнгөрөөд байна. Хэзээ нэгэн цагт Хятадын эдийн засаг унана. Хэзээ гэдэг нь мэдэхгүй. Өнөөдөр хүртэл Хятадууд эдийн засгаа гайхалтай жолоодож ирлээ. Үүнд баяр хүргэхээс өөр аргагүй. Хэрэв хятадын эдийн засаг унаад ирэх юм бол гангийн эрэлт гэдэг зүйл байхгүй болно. Ингээд манай эрчим хүчний нүүрс, коксжих нүүрс ч хэрэггүй нөхцөл байдал руу орно. Эргээд хятадын эдийн засаг сэргэтэл дахин хэр удахыг мэдэхгүй.
Бид энд Хятадуудаас айх синдромтой юм шиг чичирээд суучихсан. Ингэж болохгүй
-Манай улстөрчид энэ төслүүдээ хөдөлгөх нь зүйтэй гэдэг дээр санал нэг байх шиг байгаа юм. Гэхдээ олон улсын гэрээ контракт хийх мэдлэг чадвартай хүн алга байна, эсвэл хувийн ашиг сонирхол ордог байдлаас болоод тухайн үйл явцад оролцож байгаа хүмүүст итгэдэггүй. Сүүлд нь ялладаг. Манайд олон улсын гэрээ хийх чадавхи байгаа юу?
-Чадавхийг бий болгох л асуудал шүү дээ. Ийм залуусыг төрөөс бэлдэх хэрэгтэй. Социалист төрд төлөвлөөтэй бэлддэг байсан. Ийм байдлаар манай улс хүмүүсээ бэлдэж болно. Монголд сайн хуульч хэрэгтэй бол төрийн сангаас тэтгэлэг зарлаад хамгийн сайн чадвартай тэнцсэн хүүхдэд өгөөд явуулах хэрэгтэй шүү дээ. Яагаад тэнд жижиг дундын сан гэдэг шиг дарга нарын хүүхэд л явдаг сонин байдал үүсгээд байгаа юм. Хоёрдугаарт дэлхий даяар нэр хүндтэй, олон зуун жил ажилласан, харилцагчийнхаа төлөө хамгийн зөв зөвлөгөөг өгөх андгай өргөсөн компани зөндөө байна. Орос, Хятад, Англи гэх зэргээр. Бид Английн хөрөнгө оруулагчтай ажиллах гэж байгаа бол Америкийнхийг сонгож болно. Өөр улсын. Дахиад үндэстэн дамнасан компаниуд ч байна. Чингис бондын зарцуулалт гэж маш их хэл ам дагуулсан зүйл байдаг. Үүн дээр бид өөрсдөдөө найдах гэж буруу шийдвэрүүд гаргаж байсны оронд гадаадын зөвлөх компаниудыг аваач ээ, энэ компаниудаар бондын зарцуулалтуудыг шийдвэрүүлээч гэсэн саналыг тухайн үед нь би хэлж байсан. Тэгэхээр бидэнд ямар нөөц бололцоо байна, бид дэлхийгээс ямар нөөц бололцоог авч ашиглах вэ гэдгийг чөлөөтэй бодоод явах ёстой. Чингис хаан чинь Монгол улсыг нэгтгээд гадаадын зөвлөхүүдийг авчраад хажуудаа улс орон, хот сууринг удирдах арга ухааныг заалгаад явсан юм байгаа биз дээ. Гэтэл бид өнөөдөр 21 дүгээр зуунд Чингис хаанаасаа ч долоон дор байна. Өнөөдөр яагаад төрийн захиргааны зарим байгууллагын дарга нараар гадаадын хүмүүсийг тавьж болдоггүй юм. Өнөөдөр соошиалаас харж байна. Казахстаны ерөнхийлөгч дан Английн шүүгчдийг авчраад шүүх рүүгээ оруулчихлаа шүү дээ. Гадаадын хөрөнгө оруулалтын маргааныг шийддэг. Ингэхээр гадаадын хөрөнгө оруулагчид итгэнэ биз дээ. Казахстаны чөлөөт зах зээлийн туршлага багатай, казах шүүгчээр маргаанаа шийдүүлэхээс хөрөнгө оруулагч нар айж байна. Ингэхээр нь англи шүүгч авчирсан байна. Итгэл төрнө биз. Бид сургамж авмаар байна. 800 жилийн өмнө хот удирддаг ямар баатар байсан юм. Чингис хаан муйхарлаал Зэлэм чи Бээжинг удирд гэсэн бол чадахгүй шүү дээ. Гэрт өссөн хүн чинь. Тэгэхээр хот сууринд өссөн шилдэг манлайлалтай түшмэлийг нь урьж авчраад цалин хөлсийг нь өгөөд удирдуулсан юм байгаа биз дээ.
Ер нь баруунд дандаа зөвлөх авдаг. Тэр зөвлөхөд хүссэн мөнгийг нь төлж таарна шүү дээ. Нэг гэрээн дээр хоёр өөр зөвлөх аваад ажиллуулдаг. Хооронд нь санаа оноог нь уралдуулж үздэг. Тэгж байгаад хамгийн зөв гэснийг нь авдаг. Шийдвэрийг монголчууд гаргана шүү дээ. Зөвлөх чинь зөвлөх л үүрэгтэй. Ийм ахуйн чанартай болгоомжлолоос болж хөгжлийг ухраах, агшинг алдах гэсэн жижиг юм яриад хойшоо хараад сууж байж таарахгүй.
Эдийн засагт хамгийн гол зүйл бол момент. Хятад 30 жил өслөө. Бид юу хүртэв. Хятад болон Хятадтай залгаа улс орнууд Хятадын өндөр өсөлтөөс хаялга авч, улс орноо томруулж байна. Валютын нөөцөө бэхжүүлж байна. Ард түмний амьдралаа дээшлүүлж, эрүүл мэнд, боловсролын салбараа шинэчилж байна. Гэтэл бид энд ингээд Хятадуудаас айх синдромтой юм шиг чичирээд суучихсан. Ингэж болохгүй.
-Та Голомт банкны СЕО байсан. Одоо Мандал даатгал компанийг удирдаад явж байна. Тэгэхээр Оюутолгой, Тавантолгой хөдлөхөд санхүүгийн зах зээл дээр ямар өөрчлөлт бий болох вэ?
-Манай санхүүгийн салбар чөлөөт зах зээл рүү ороод шинэ тутам хөгжиж байгаа. Арилжааны банк Англи улсад 500 жилийн түүхтэй. Монголд бол ердөө 26 жил болж байна. Алдаж оноод явж байгаа. Даатгал нь сул хөгжсөн. Хөрөнгийн зах бараг хөгжөөгүй шахуу. Тэгэхээр эдийн засгийг тулдаг санхүүгийн гол гурван багана гэж байдаг. Банк, даатгал, хөрөнгийн зах гэдэг гурван баганыг тогтоон барьж байж эдийн засгаа бэхжүүлдэг. Эдийн засаг бэхжсэн нь юугаар харагдах вэ гэхээр нэгдүгээрт зээлийн хүү бага, хоёрдугаарт үндэсний төгрөг хүчирхэг болох ёстой. Доллар орж ирэхгүй байгаа учраас төгрөг байнга сулраад байна. Төгрөг байнга суларч байгаа учир тэр сулралыг тогтоохын тулд зээлийн хүү буюу хадгаламжийн хүүг Төв банкны бодлогын хүчээр барьж байна шүү дээ. Монголбанк маргааш бодлогын хүүгээ нэг болголоо гэж бодъё. Тэгэхээр арилжааны банк хадгаламжийн хүүгээ 5 болгоно. Зээлийн хүү 8 хувь руу орж ирнэ. Үр дүнд нь юу болох уу. Төгрөг 4000 хүрнэ. Тэгэхээр зээлийн хүү өндөр байгаагийн гол шалтгаан нь бодлогын хүү өндөр байгаатай холбоотой. Бодлогын хүү өндөр байгаа нь төгрөгийн сулраад байгааг хамгаалах зорилготой. Яагаад хамгаалах хэрэгцээ байна гэвэл манай эдийн засагт ерөөсөө доллар орж ирдэггүй. Тэгэхээр энэ төслүүдээ хурдан хөдөлгөөд, Оюутолгойг гацааж зогсоох биш хурдан шийдэлд хүрээд явбал түүний хаялга манай санхүүгийн салбарыг хөгжүүлнэ. Оюутолгой төсөл эхэлж байж л манай даатгалын салбар сэргэлээ шүү дээ. Оюутолгой холбоотой өчнөөн олон туслан гүйцэтгэгч компанидаа даатгалд хамрагдсан бай гэсэн шаардлага тавьдаг. Баруунд та эрсдэлээ даатгуул, тэгж байж ирж энэ бизнесийг хий гэдэг. Гэтэл манайд энэ төслөөр дамжуулж бусад салбараа хэрхэн хөгжүүлэх вэ гэж боддоггүй. Тэр төслөөр яаж шоу хийх вэ л гэж боддог. Ийм байдалтай яваад байхаар болохгүй байна.
Тавантолгой олон улсын бирж дээр IPO хийгээд явчих юм бол олон улсын биржийн стандарт шаардлага, засаглалыг нэвтрүүлнэ, шилдэг менежментийн туршлагыг нэвтрүүлнэ. Үүн дотор заавал ордог зүйл бол эрсдэлийн удирдлага. Үүнд даатгал багтана. Даатгалын салбар босоод ирэхээр санхүүгийн гурван тулгуурт багана цогцлоод зээлийн хүү буурах, зээлийн хүртээмж сайжрах боломж бүрдэнэ. Өнөөдөр нэг залуу хорт хавдар тусахад байраа зараад эмчилгээнд нь зарцуулаад ар гэр нь байр ч үгүй, хүн ч үгүй үлдэж байна шүү дээ. Үүнийг даатгалын системээр шийддэг. Гэтэл өнөөдөр даатгалын системд анхаарал хандуулсан нэг ч улстөрч байхгүй. Тэдний анхаарал дандаа өөр зүгт явж байдаг. Тиймээс уг төслүүдээ урагшлуулах нь маш олон дагавар, хаялга, эерэг өөрчлөлтийг авчирна. Гинжин урвал явагдана. Улстөрчид мундаг хууль тогтоомж гаргаад даатгал, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлж чадахгүй байлаа гэхэд ядаж наад ОТ, ТТ гэсэн хоёр төслөө явуулаач ээ л гэж уриалмаар байна даа.
-Зав гарган ярилцсан таньд баярлалаа
Эх сурвалж Өдрийн сонин
Сэтгэгдэл (1)