Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар газрын тос боловсруулах үйлдвэрийн хотхоны бүтээн байгуулалтын ажлыг наймдугаар сараас эхлүүлэхээр боллоо.
Хотхон нь таван давхар барилгууд байх бөгөөд 550 айлын орон сууц, оффис-үйлчилгээний цогцолбор, дэд бүтэц, гадна тохижилт, ногоон байгууламж зэргээс бүрдэх юм байна. Дорноговь аймгийн Алтанширээ суманд газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг 2018 оны зургадугаар сарын 22-ны өдөр эхлүүлж, дэд бүтцийн ажлын суурийг тавьж байсан бол тавдугаар сарын 24-ний өдөр Сайншандаас нефть боловсруулах үйлдвэр хүртэлх 27 км төмөр замыг барьж дуусгасан юм.
Одоогоор тус газарт төмөр зам дагасан автозам, агаарын шугам зэрэг дэд бүтцийн ажлууд үргэлжлэх бөгөөд Сайншанд-Замын-Үүд чиглэлийн улсын чанартай хатуу хучилттай авто замын Сайншанд сум руу салсан дөрвөн замын уулзвараас нефть боловсруулах үйлдвэр хүртэлх хүнд даацын, тусгай зориулалтын 18.8 км авто замын ажлыг Зэвсэгт хүчний 7780 дугаар ангийн бие бүрэлдэхүүн гүйцэтгэж байна.
Г.Алимаа