Чингэлтэй дүүргийн 17 хороонд иргэний номын сангийн анхны загвар ашиглалтанд орлоо. Иргэний номын сангийн загварыг Монголд нутагшуулах, олон улсын жишгээр хөгжүүлэх ажлыг “Хүүхдийн Оюуны Боловсролыг дэмжих Төв” ТББ, “Beyond books” төслийн баг хамтран хэрэгжүүлж байна.
Иргэний номын сан нь олон улсад эрчимтэй хөгжиж буй, хэрэглэгч төвтэй номын сангийн сүүлийн үеийн загвар юм. Амжиргааны төвшин, амьдрах орчин нөхцөл болон бусад бэрхшээлээс үүдэн номын сан, нийгмийн нийтлэг үйлчилгээг хүртэж чадахгүй байгаа иргэдэд чиглэн үйл ажиллагаагаа явуулдаг, хүмүүс хоорондын эерэг харилцаа, хамтын хөгжлийг чухалчилдаг онцлогтой. Мөн байршлын хувьд төвлөрлийг сааруулж, хэрэглэгчдэд ойртон, иргэдийн бодит хэрэгцээг нарийн судалж, тэдний санаачилга оролцоон дээр тулгуурлан үйлчилгээ хөтөлбөрүүдээ боловсруулж, хамтран хэрэгжүүлдгээрээ уламжлалт номын сангаас ялгаатай.
Тус номын сан ашиглалтанд орсноор Чингэлтэй дүүргийн 17, 18 хорооны 5434 хүүхэд ая таатай орчинд чөлөөт цагаа өнгөрөөн, хараа хяналтгүй байдлаасаа болж төрөл бүрийн осол, гэмт хэрэгт өртөх эрсдэл буурч, номын сангийн хөтөлбөрүүдээр дамжуулан хичээлийн хоцрогдлоо арилгах, бүтээлч сэтгэлгээ, авьяас чадвараа хөгжүүлэх боломж бүрдэнэ. Номын сан хүүхдүүдээс гадна насанд хүрэгчдэд зориулсан нэмэлт хөтөлбөрүүд боловсруулж, иргэдийн мэдлэг мэдээллийн тэгш хүртэх боломжийг хангахад хувь нэмэр оруулах, аж амьдралаа дээшлүүлэхэд тус дэм болох, өөр хоорондоо туршлага солилцох, хамтдаа хөгжих орон зай болох юм.
Номын сангийн хөтөлбөрүүдээс танилцуулахад:
- Сурагчдын хичээлийн хоцрогдлыг арилгах зорилгоор үнэ төлбөргүй давтлага өгөх
- Хүүхдийг номын хорхойтон болгох үүднээс “Бүтээлч ном унших” хөтөлбөрийг эцэг эх, багш, сурган хүмүүжлэгч, сайн дурын ажилчдын оролцоотойгоор хэрэгжүүлэх
- Төгсөх ангийн сурагчдад зориулан мэргэжил сонгоход нь дэм болох мэдээлэл, сургалтын хөтөлбөр
- Англи хэлний анхан болон дунд шатны сургалт
- Компьютерийн анхан шатны хэрэглээний сургалт
- Иргэдийн дундах шилдэг туршлага, асуудал шийдлүүдийг хуваалцах хөтөлбөр гэх мэт баялаг үйлчилгээ, хөтөлбөрүүдтэй.
“Beyond books” төслийг Монгол дахь Австралийн тэтгэлгүүд хөтөлбөрийн газар, Зориг сангаас хамтран хэрэгжүүлж буй “Эмэгтэйчүүдийн манлайлал” хөтөлбөрийн оролцогчид санаачлан хэрэгжүүлж, энэхүү жишиг загварт тулгуурлан Улаанбаатар хотын дүүрэг хороод, цаашилбал орон нутагт иргэний номын сангийн туршлагыг түгээхийг зорьж байна. Төслийн Ерөнхий ивээн тэтгэгчээр “Сайн Сайхныг Санхүүжүүлнэ” уриатай Голомт банк ажиллаж, орчин үеийн жишгээр номын санг тохижуулах, номын фондыг баяжуулах, иргэдэд Санхүүгийн боловсрол олгох хөтөлбөр хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж байна.
Иргэний номын сангийн үйл ажиллагааг дэмжсэн Скайтел групп, NGNEX ХХК, ГХЯ-ны дэргэдэх Дипломат Эмэгтэйчүүдийн клуб, Austcham Mongolia, “Номын Соёлт Ертөнц” ТББ тэргүүтэй байгууллага, хувь хүмүүс талархал илэрхийлье.
Холбогдох хаяг:
Email: beyondbooksmongolia@gmail.com
Утас: 98117398, 99167417