Өмнөговь аймгийн Даланзадгад сумын цэвэрлэх байгууламж 1971 онд тус сумын нэгдүгээр сургуулийн бохир усыг цэвэрлэх зориулалтаар баригдсан аж. Харин өнөөдөр тус цэвэрлэх байгууламж нь 1100 метр куб усыг цэвэрлэж, ачааллаа дийлэхгүй байгаагаас бохир ус хөрсөнд шингэж, хөрсийг нь бохирдуулжээ. Улмаар мэргэжлийн хяналтын газраас цэвэрлэх байгууламжийг яаралтай нүүлгэн шилжүүлэх эсвэл шинээр барих дүгнэлтийг гаргасан байна.
Энэхүү дүгнэлтийн дагуу Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн 9.5 тэрбум төгрөгийн санхүүжилтээр шинэ цэвэрлэх байгууламж барьж байгаа юм байна. Шинээр барьж буй цэвэрлэх байгууламж нь хоногт 3000 метр куб усыг хүлээн авах хүчин чадалтай, 98 хувийн буюу биологийн бүрэн цэвэрлэгээтэй цэвэрлэх байгууламж байх аж. Тус цэвэрлэх байгууламж нь ирэх наймдугаар сард ашиглалтад орно.