Өнгөрөгч оны зургадугаар сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн Алтанширээ суманд Газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг эхлүүлж, дэд бүтцийн барилгын ажлын суурийг тавьсан.
Уг үйлдвэрийг Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын Монгол Улсад олгож буй нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр барьж байгаа юм. Үйлдвэр баригдсанаар жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин боломжтой болох бөгөөд 40 орчим жилийн нөөцтэй гэж урьдчилсан байдлаар тогтоосон.
Дээрх дэд бүтцийн ажлын бүтээн байгуулалттай холбогдуулан Монгол-Энэтхэгийн газрын тос, байгалийн хийн үзэсгэлэнг энэ сарын 13, 14-ний өдрүүдэд Буянт-Ухаа спортын ордонд зохион байгуулах гэж байна. Тус үзэсгэлэнд Энэтхэг Улсын газрын том, байгалийн хийн салбарын нэр хүндтэй 35 компани оролцох юм байна.
Энэ үеэр иргэдэд газрын тосны боловсруулах ач холбогдлыг танилцуулах, сурталчлахаас гадна Энэтхэгийн компаниудтай хамтран ажиллах боломжийн талаар мэдээлэл өгөхөөр болжээ.
Б.Лхам