“Өрсөлдөөн дэх оюуны өмчийн үнэ цэнэ” сэдэвт онол, практикийн анхдугаар хурал өчигдөр МУИС-н номын сангийн байранд болж өнгөрлөө. Хурлын үеэр оюуны өмчийг хуулиар хамгаалах, эдийн засгийн эргэлтэд хэрхэн оруулах талаар төр болон хувийн хэвшлийн төлөөлөгч нар хэлэлцсэн юм.
Хурлын үеэр Улаанбаатар Хотын Банкыг онцоллоо. Улаанбаатар Хотын Банк нь импортын барааг орлох үйлдвэрлэл эрхэлж буй бизнес эрхлэгч нарт “Барааны тэмдэг барьцаалсан зээлийг” арилжааны банкууд дундаас анх удаа олгож эхэлсэн. Ингэснээр оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах бодит алхам боллоо гэдгийг хэлэлцүүлэгт оролцогч нар цохон тэмдэглэсэн юм.
Э.Шинэбаяр: Улаанбаатар Хотын Банкны Бүтээгдэхүүн Хөгжлийн Хэлтсийн Захирал
Улаанбаатар хотын банк нь 20 жилийн ойн хүрээнд банкны системд анх удаа “Барааны тэмдэг буюу оюуны өмч”-г барьцаалан 50 сая хүртэлх төгрөгийн зээлийн бүтээгдэхүүн гаргасан юм. Зах зээлд анх удаа нэвтэрсэн энэхүү бүтээгдэхүүн маань өнгөрсөн гурван сарын хугацаанд маш олон бизнес эрхлэгчийн гарт хүрээд байна. Төрийн зүгээс хууль эрх зүйн тал дээр шаардлагатай асуудлуудыг зохицуулбал зөвхөн барааны тэмдэг гэдгээр зээлийн бүтээгдэхүүн хязгаарлагдахгүй. Цааш нь илүү хөгжүүлж барьцаа болон нөхцөл шаардлагыг сайжруулах боломжтой юм.
Э.Анхгэрэл: Бөбүн трейд ХХК-ийн Гүйцэтгэх Захирал
Манай Бөбүнэ ааруулан чихрийн үйлдвэр маань энэ жил Mongol HD телевизийн Шарк Танк төсөлд оролцож Энхтүвшин шарк болон Чинбат шаркаас 50 сая төгрөгийн хөрөнгө оруулалт авч чадсан. Энэхүү хөрөнгө оруулалтаа үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд ашигласан юм. Үйлдвэрийн тоног төхөөрөмжөө шинэчилсэнтэй холбоотой бүтээгдэхүүн дээрээ шинэчлэлт хийх шаардлага гарсан. Ингээд өөрийн брэндийн тэмдэгтээ барьцаалан Улаанбаатар хотын банкнаас 50 сая төгрөг зээлсэн. Үндэсний үйлдвэрлэлийг ингэж бодитой дэмжиж байгаад бид баяртай байгаа.