АТГ-аас Авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Автотээврийн үндэсний төв, Гадаадын иргэн харьяатын газар, Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хан-Уул дүүрэг гэх мэт байгууллагуудад ажиллажээ.
АТГ-аас жил бүр зохион байгуулдаг “Шударга байдлын үнэлгээ” судалгаанд хамрагдсан иргэд, аж ахуйн нэгжийн төлөөлөл, төрийн албан хаагч болон шинжээчид “Монгол Улсад авлига хамгийн их тархсан институцийг нэрлэнэ үү” гэсэн асуултад 2016 онд 46.4 хувь нь, 2018 онд 47.0 хувь нь “газрын алба” гэж хариулсан байна.
ХХААХҮЯ-ны ЖДҮХС-гаас ирүүлсэн “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журам”-ын төслийг хянаж, тодорхой санал хүргүүлэв. Журмын төсөлтэй танилцах явцад авлига, ашиг сонирхлын зөрчил гаргах, хүнд суртал, чирэгдэл учруулсан нөхцөл байдал үүсэж болзошгүй гэж үзсэн.
Түүнчлэн ЖДҮХС-гийн албан хаагчдын ёс зүйн дүрмийн төслийг судлан үзээд Төрийн албаны тухай хууль, Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор баталсан “Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийг зөрчсөн зохицуулалт тусгагдсан байх тул хууль тогтоомжид нийцүүлэн дахин боловсруулахаар буцаажээ.
Төрийн албаны тухай хууль шинээр хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор хуулийн хэрэгжилтийг хангах, ажлын байрны тодорхойлолтыг нэгдсэн журмаар баталж мөрдүүлэх, хууль бус томилгоо, өөрчлөлт хийдэг албан тушаалтнуудын үйл ажиллагааг таслан зогсоох, мэдээлэл солилцооны хурдыг нэмэгдүүлэх, мэдээллийн нэгдсэн сан үүсгэх, хяналт шалгалтын ажлын үр дүнг сайжруулах талаар 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Төрийн албаны зөвлөл, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, холбогдох яамдын төлөөлөл болон АТГ-ын удирдлагууд ажил хэргийн уулзалт хийж, хамтын ажиллагааны чиглэл, хүрээг өргөжүүлэх талаар зарчмын тохиролцоонд хүрсэн байна.
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт “шударга ёсны үзэл санааг төлөвшүүлэн, олон нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагааг үе шаттай зохион байгуулж, авлигын эсрэг боловсролыг дээшлүүлэх”-ээр тусгасан зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд АТГ-аас ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд ангийн сурагчдад зориулсан “Найзын яриа” комикс номыг хэвлүүлэн гаргалаа.
Нийт 41 байгууллагын 17,600 гаруй мэдүүлэг гаргагчдын хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-ын http://xacxom.iaac.mn цахим мэдээллийн сүлжээнд байршуулаад байна.
Цаашид батлагдсан хуваарийн дагуу нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага, зарим яам, агентлагийн мэдүүлэг гаргагчдын хөрөнгө, орлогын мэдүүлгийг олон нийтэд нээлттэй байршуулах болно.
Нийт 28 албан тушаалтны ХАСХОМ-т төлөвлөгөөт болон өргөдөл, гомдол, мэдээллийн мөрөөр хяналт шалгалт явуулсан. Хяналт шалгалтаар 7 албан тушаалтан Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т заасан “Мэдүүлэг гаргагч нь өөрийн болон гэр бүлийн гишүүний хөрөнгө, орлого, зээлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй” гэж заасныг зөрчсөн болох нь тогтоогдож, Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.2, 13.8.3-т заасны дагуу тус тус хариуцлага тооцуулахаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд албан бичиг хүргүүлсэн байна.
ХАСХОМ-ээ зөрчилтэй мэдүүлсэн албан тушаалтнуудыг нэр дурдвал:
- Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ ХНН-ийн ерөнхий нягтлан бодогч Б.Эрдэнэчимэг
- Улсын бүртгэлийн ерөнхий газрын Мэдээлэл технологийн газрын Мэдээллийн сан, програм хангамжийн хэлтсийн дарга П.Нэргүй
- “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Г.Баярцогт
- “Эрдэнэт үйлдвэр” ААТҮГ-ын орлогч захирал Д.Дэлгэрбаяр
- Эрүүл мэндийн яамны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Б.Туяа
- Гаалийн ерөнхий газрын Улаанбаатар хот дахь гаалийн газрын гаалийн улсын байцаагч Н.Батбаяр
- Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг дарга Р.Батжаргал нар юм.
Мөрдөн шалгах хэлтсээс 2019 оны 4 дүгээр сард гэмт хэргийн шинжтэй 72 гомдол, мэдээлэл хянан үзсэнээс 25 гомдол, мэдээлэл буюу 34.7 хувьд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх санал гаргасан, 14 гомдол, мэдээлэл буюу 19.4 хувьд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлж, одоо 31 гомдол, мэдээллийн үлдэгдэлтэй, шийдвэрлэлт 56.9 хувьтай байна.
Мөрдөн шалгах хэлтсийн хэмжээнд 2019 оны 4 дүгээр сард хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 444 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас 13 буюу шалгасан хэргийн 2.9 хувийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт, 47 буюу шалгасан хэргийн 10.6 хувийг хэрэг бүртгэлтийн хэрэг хаах саналтайгаар прокурорт, 8 буюу шалгасан хэргийн 1.8 хувийг харьяаллын дагуу шилжүүлж, одоо 376 эрүүгийн хэргийн үлдэгдэлтэй байгаагаас хэрэг бүртгэлтийн 321 хэрэг, мөрдөн байцаалтын 55 хэрэг байна.
Сэтгэгдэл (5)