УИХ-ын ээлжит бус чуулганаар Ерөнхийлөгч Х.Баттулгын өргөн барьсан Авилгын эсрэг, Прокурорын тухай, Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж баталсан. Уг хуультай холбогдуулж, өнөөдөр Нээлттэй нийгэм форумаас “Шүүгчийн хараат бус байдал” сэдвээр уулзалт зохион байгуулсан юм. Тус уулзалтад МУИС-ийн багш, хуульч, доктор, дэд профессор О.Мөнхсайхан, хуульч, доктор Б.Гүнбилэг болон бусад хуульч, сэтгүүлчид оролцож өөрсдийн байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд уулзалтын үеэр өрнөсөн хуульчдын сонирхолтой яриаг онцлон хүргэе.
ХУУЛЬЧ, ДОКТОР, ДЭД ПРОФЕССОР О.МӨНХСАЙХАН: “ЭНЭ ШҮҮГЧ ТААЛАГДАХГҮЙ БАЙНА” ГЭЭД ӨӨРЧЛӨХ ЭРХИЙГ ХУУЛИАР ЕРӨНХИЙЛӨГЧИД ОЛГОЛОО
УИХ-ын ээлжит бус чуулганаар ямар хууль баталсан бэ гэдгийг эргэж харах хэрэгтэй. Нэгдүгээрт, шүүхтэй холбоотой. ҮАБЗ-өөс зөвлөмж гарвал зөвлөмжөө Шүүхийн ерөнхий зөвлөл /ШЕЗ/-д хүргэнэ. Үүнийг нь үндэслээд Монголын 500 гаруй шүүгчийн алийг нь ч түдгэлзүүлэх боломж бүрдэж байгаа юм. Гэхдээ ямар үндэслэлтэй вэ гэдгээ гол нь зааж өгөөгүй. Шүүхтэй холбоотой хэсэг нь энэ. Хоёрдугаарт, Улсын Ерөнхий прокурор. Улсын Ерөнхий прокурор болон орлогч прокурорын томилгооны хугацаа дуусгавар болгох зөвлөмжийг ҮАБЗ гаргахад Ерөнхийлөгч бүрэн эрхийг нь дуусгавар болгоод огцруулна. Авилгатай тэмцэх газар /АТГ/-ын дарга, дэд даргыг ч гэсэн мөн адил зарчмаар. Ийм гурван асуудал байна.
Гэхдээ үүнийгээ зөвхөн зөвлөмж гэж тайлбарлаж байна. Биелүүлсэн ч болно, биелүүлэхгүй байсан ч болно гэсэн үг. Гэвч бодит байдал дээр тийм биш. Яагаад гэвэл, ҮАБЗ-ийн зөвлөмж ирсэн л бол шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх үндэслэл болно. Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлд зургаан сараас дээш хугацаагаар эмчилгээ хийлгэсэн, эрүүгийн хариуцлагад татагдсан зэрэг онцгой нөхцөл үүссэн бол автоматаар /ШЕЗ санал гаргаад/ бүрэн эрхийг нь түдгэлзүүлдэг. ҮАБЗ-ийн зөвлөмж нь тэр үндэслэлүүдийн нэг болж байгаа учраас тэр саналыг нь ШЕЗ шууд зөвшөөрөхөөс аргагүй.
ҮАБЗ-ийг Ерөнхийлөгч тэргүүлдэг. Ажлын албыг байгуулдаг. Ерөнхий сайд, УИХ-ын дарга зөвлөлийн гишүүн боловч тэд зөвшилцөх үүрэгтэй. Гэхдээ Ерөнхийлөгч голлох үүрэг эдэлдэг. Мөн ШЕЗ-ийн таван гишүүн тавууланг нь Ерөнхийлөгч томилдог.
Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч өөрөө тэргүүлдэг байгууллагаараа зөвлөмж гаргуулж, өөрийнхөө томилсон байгууллагад зөвлөмжөө хүргүүлэх замаар санал гаргуулан дургүй шүүгчээ огцруулах, чөлөөлөх байдал руу орлоо.
Энэ бол маш аюултай зүйл. Урвуулан ашиглах эрсдэл 100 хувь нээгдэж байна. Тодорхой хэрэг маргааныг хэрэгсэхгүй болгох эсвэл тодорхой хэргийг зүй бусаар шийдвэрлэх байдлаар ашиглах боломжтой. Үүнийг ашиглаад ямар нэгэн нөлөөлөл тодорхой шүүгчид ирлээ гэхэд тэр шүүгч хүлээж авахгүй бол эрхийг түдгэлзүүлнэ. Тэгэхээр шүүгч дээрээс ирсэн дарамтыг биелүүлэх, эсвэл ажлаасаа чөлөөлөгдөх гэсэн сонголт хийхээс өөр замгүй болно.
Ийм байдал руу орох эрсдэл үүссэн учраас шүүх эрх мэдлийн хараат бус байдлыг бүрэн үгүйсгэсэн хууль баталсан гэсэн үг. Энэ бол маш ноцтой үр дагавар авчирна.
Монгол Улсын Үндсэн хуульд “Шүүгч хараат бус байна” гэж заасан. Гэтэл хараат бус байдлын баталгаа нь нуран уналаа.
Улсын Ерөнхий прокурор болон түүний орлогч прокурорыг зургаан жилийн хугацаатай томилогддог. Зургаан жилийн хугацаанд томилох нь хараат бусаар ажиллах нэг төрлийн баталгаа юм. Гэтэл ойр ойрхон солиод байвал хэрэг бүртгэл, мөрдөн байцаах ажиллагааг хараат бусаар хийх ямар ч боломжгүй болно.
Улсын Ерөнхий прокурор нь бүх шатны прокуророо томилж, чөлөөлж, сахилгын арга хэмжээ авах эрхтэй. Тэгэхээр 500 гаруй прокурорт нөлөөлөх эрсдэл үүсч байна гэсэн үг. Авилгатай тэмцэх газар /АТГ/-ын дарга, дэд дарга ч гэсэн мөн адил. Бүгдэд нь зүй бусаар нөлөөлөх эрсдэл үүсч байна.
ҮАБЗ сүүлийн үед зөвлөмж нэртэй даалгаврыг УИХ-д өгч эхэлсэн. Тодорхой албан тушаалтныг чөлөөлөх, огцруулах боломжийг бүрдүүлсэн хууль батлахыг даалгах замаар гүйцэтгүүлсэн бодит кэйс бий.
Одоо шүүх эрх мэдэлд, цаашлаад прокурор, АТГ-д нөлөөлж эхэллээ.
Уг нь ҮАБЗ нь Засгийн газрын гишүүд хоорондын уялдааг хангаж, Үндэсний аюулгүй байдлын талаар мэдээлэл өгч, зөвлөмж өгдөг байгууллага. Гэтэл Үндсэн хуульд байхгүй эрхийг өөрсдөдөө өгч эцэстээ Хууль тогтоох, Гүйцэтгэх, Шүүх эрх мэдэлд нөлөөлдөг, гурвууланг нь нэгтгэж эзэмших гэсэн маш хүчтэй байгууллага болон хувирч байна.
Хамгийн ноцтой нь зөвлөмж ямар ч үндэслэлээр гарч болно. Энэ шүүгч надад таалагдахгүй байна гэж үзвэл шүүгчийг түдгэлзүүлж болно. Шинээр баталсан хуулиар шүү дээ. Нэг үгээр дур зоргоороо асуудлыг шийдэх боломжтой болж байна.
Зарим хүмүүс үүнийг шударга бусын хонгил гэж нэрлэсэн. Зүй бусаар хэрэг маргааныг шийдэж байна гээд. Гэхдээ бид шүүхийн шийдвэрийг нь харах ёстой. Үнэхээр хэлмэгдүүлсэн үү, үгүй юу гэдгийг гурван шатны шүүхийн шийдвэрээс харахад болно. Шүүхэд нөлөөлөх эрсдэл ганцхан одоо ч бий болсон юм биш. Өмнө нь ч байсан. Хуульч, судлаач нар өмнө нь хэлж, сануулсаар ирсэн. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд байхгүй маш олон эрхийг Ерөнхийлөгчид өгсөн. Тэр нь олон жилийн үйл явц.
2006 онд АТГ-ын дарга, дэд даргыг нэр дэвшүүлдэг эрх мэдлийг Ерөнхийлөгчид өгсөн. Тухайн үед Н.Энхбаяр Ерөнхийлөгч байсан. 2013 онд Шүүхийн багц хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, Монгол Улсын бүх шүүгчийг томилох, ШЕЗ-ийн гишүүдийг Ерөнхийлөгч томилох эрхийг мөн олгосон. Ингэснээр Шүүхийн ерөнхий зөвлөл /ШЕЗ/ Ерөнхийлөгчөөс хараат болсон.
Одоогийн нөхцөлд ч тодорхой харагдаж байна. Шүүгчийн хараат бус байдал, бие даасан байдлыг хамгаалах ёстой гээд Үндсэн хуульд заасан. Гэтэл өнөөдрийн нөхцөлд хуульчид яагаад дуугарахгүй байна гэхээр Ерөнхийлөгчөөс хараат, түүний нөлөөнд байгаагийн нэг илэрхийлэл мөн.
АТГ хэвлэлээр хүнийг ялладаг болсон. Шалгасан хэргийн олонх нь шүүх рүү шилждэггүй. Энэ бүхэнд хяналт тавих ёстой прокурорыг нь Ерөнхийлөгч томилж байна. Үүн дээр нэмээд хэрэг маргааныг шийддэг шүүгчийг томилоод зогсохгүй хэнийг шүүгчид нэр дэвшүүлэхийг шийддэг ШЕЗ-ийн гишүүдийг мөн л томилдог болсон. Ийм олон эрх Үндсэн хуулиар Ерөнхийлөгчид тусгаж өгөөгүй атлаа энэ бүх эрхийг эдэлж байна.
Б.ГҮНБИЛЭГ: ҮНДСЭН ХУУЛИЙГ “ОРШУУЛЛАА”
Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хуулийн тухайд шүүх эрх мэдэл нь бие даасан салбар. Төрийн эрх мэдэл хуваарилах онолын гурван хэсгийн нэг нь шүүх эрх мэдэл. Хуулийг хууль тогтоох байгууллага баталж, гүйцэтгэх эрх мэдлийг хэрхэн хэрэгжүүлж байгаад шүүх эрх мэдэл хянадаг тогтолцоотой. Гэтэл эхний хоёр эрх мэдэл нь гурав дахь эрх мэдэл рүүгээ хальж, үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцоод эхлэхээр хүний эрхийн баталгаа хангагдахгүй улмаар Үндсэн хуульд заасан язгуур эрх ашиг зөрчигдөж эхэлж байна. Эцэстээ шүүхийн хараат бус байдалд улстөрчид шууд нөлөөлж байна. Ингэхээр Үндсэн хуульт ёсны зохицуулалт, процессыг зөрчиж байна гэсэн үг.
Түүнчлэн эрүүдэн шүүсэн хэрэг дээр саналаа хэлэхэд, өөрсдөө илрүүлсэн гээд нэг бичлэг үзүүллээ. Уг нь үүнийг эрүүдэн шүүхийн эсрэг зохицуулалтын дагуу үүнд оролцсон албан тушаалтнуудад хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлөх боломж байсан. Гэтэл олон нийтэд дуулиан дэгдээх замаар айдаст автуулж, дараа нь хууль баталж байна. Энэ нь иргэн, захиргаа гээд бүх хэрэгт хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх боломжийг олгох нөхцөлийг бүрдүүллээ.
Үүнийг цаашдаа сөргөөр ашиглавал Монгол Улсын хувь заяанд маш эрсдэлтэй байдал бий болгоно. Нэг хүний засаглалыг бий болгосноор эрх мэдлийг гартаа атгасан хүн бүх зүйлд гар дүрж, бүхнийг өөрийн үзэмжээр шийддэг болно гэсэн үг.
Цахиагийн Элбэгдорж гэдэг хүн маш том нүх ухсан. 13 шүүгчийн асуудал гээд олон асуудал бий. Тэр нүхийг ухаж, шүүгч нарт нөлөөлөх байдлыг бий болгосон. Уг нь шинэ Ерөнхийлөгч түүний ухсан нүхийг булах ёстой. Өөрөөр хэлбэл, АТГ-ын даргыг өөрөө томилох хэрэггүй. Шүүгчийг өөрөө томилдог юм гэхэд ШЕЗ-ийн гишүүдийг өөрөө томилдоггүй байх ёстой. Ингэж байж ухсан нүхийг нь булж илааршуулах ёстой атал тэр нүхийг нь улам гүнзгий ухаж байна.
Одоо дараагийн шинээр Ерөнхийлөгч гарч ирэхэд тэр нүхийг улам гүнзгий ухах эрсдэлтэй.
Социалист эрхзүйн уламжлалаар манай прокурор нэгдмэл, төвлөрсөн удирдлагатай байгууллага. Энэ нь бүх шатны прокуроруудыг шууд босоо удирдлагаар хангадаг. Жишээлбэл, Улсын Ерөнхий прокурор нэг прокурор руу утастаад “Энэ хэргийг ингэж шийд” гэж хэлэхгүй ч “Наана чинь ийм хэрэг байна. Наадахаа анхаарч байгаа биз дээ. Эрүүгийн хуулийн ийм заалт байх шиг байна даа” гээд л утсаа тавихад тэнд ажиллаж байгаа прокурор шууд нөлөөнд автана.
Уг нь нэгдмэл, төвлөрсөн удирдлага гэдэг нь захиргаа, удирдлага, санхүү, байрны хувьд л нэгдмэл байхыг хэлдэг. Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх хэсгийн мөрдөн байцаах, хэрэг бүртгэх, ял эдлүүлэх үйл явцад нөлөөлж болохгүй. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь материал дээр дүгнэлт гаргадаг эрх нээлттэй байгаад байдаг.
Хэрэв, Ерөнхийлөгч зөв хүн байсан бол энэ бүхнийг дунд нь таслаад “Анхан шатны прокурор өөрийнхөө ажлыг хий. Түүний удирдлагыг аймаг юм уу, эсвэл дүүргийн прокурор хангаж болно. Ерөнхий прокурор биш шүү” гэж өөрчлөх ёстой.
Гэтэл одоогийн Ерөнхийлөгч үзэмжээрээ прокурорын бүрэн эрхийг нь дуусгавар болгохоор өөрийнх нь санал болгосон хүн нь улс төрийн захиалгаар хэрэг бүрт оролцох боломж бүрдэнэ.
Бүх томилгоо Ерөнхийлөгчийн гарт очихоор бүх эрх мэдлийг барих хаанчлалын эх үүсвэр бий боллоо. Тиймээс Үндсэн хуулийг оршуулчихлаа гэхэд болно.
ҮАБЗ ямар ч үндэслэл заахгүйгээр Шүүхийн ерөнхий зөвлөлд зөвлөмж хүргүүлдэг боллоо. Үндэслэл гэдэг зүйл байхгүй болохоор энэ хүмүүс жинхэнээсээ дур зоргоороо аашилна. Том, жижиг ямар ч бизнес хамгаалалтгүй болсон гэж ойлгож болно. Бүгдэд нь хөндлөнгийн нөлөө ордог болно.
Р.Хишигжаргал
Сэтгэгдэл (38)