БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзахаар Вьетнамын нийслэл рүү хуягт галт тэргээр хөдөлсөн талаар Регнум агентлаг мэдээллээ. Ким Жон Уны хуягт галт тэрэг орон нутгийн цагаар 16:00 цагт Пхеньянаас хөдөлсөн байна. Хуягт галт тэрэг Хойд Солонгосоос Хятад руу явж, энэ улсын нутаг дэвсгэрийг бүрэн туулж, Вьетнамын нийслэл Ханой хотод очих юм. Ханой хотод Хойд Солонгос болон АНУ-ын төрийн тэргүүнүүдийн дээд хэмжээний уулзалт болох бөгөөд талууд Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох мөн хоёр орны харилцааг хэвийн түвшинд хүргэх асуудлаар хэлэлцэнэ.
Энд дуулгахад, хэд хоногийн өмнөөс Хятадын тал Кимийн хуягт галт тэргийг тосох зорилгоор Хойд Солонгостой хил залгаа Даньдун хотод олон төрлийн хязгаарлах арга хэмжээ авч эхэлсэн талаар Ёнхап агентлаг мэдээлж байлаа. Энэ хотын төмөр замын хилийн гүүр сайн харагддаг зочид буудал захиалгыг зогсоон, урьдчилсан захиалгуудыг цуцалсан байна. Өмнө нь Ким Жон Уныг ирэх үеэр гадаадын сэтгүүлчид энэ хотын зочид буудлуудад олноор буудаллаж, Кимийг ирсэн тухай түрүүлж мэдээлэхийн тулд хууль сахиулагчдад ихээхэн саад учруулж байсны улмаас энэ удаад ийнхүү зочид буудлуудын захиалгыг цуцалжээ.