Папуа Шинэ Гвиней Улсын цагдаа нар 300-гаад машин алдагдсан хэргийг мөрдөж байна. Тодруулбал, өнгөрсөн 2018 оны сүүлээр Папуа Шинэ Гвиней Улсад Ази-Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны чуулганыг зохион байгуулсан бөгөөд уулзалтад ашигласан зарим автомашиныг зохион байгуулагчид болон төрийн албан тушаалтнуудад буцааж өгөөгүй юм байна. Ази-Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны чуулган буюу АПЕК-ын чуулганд зориулж гадаадын зочид төлөөлөгчдөд зориулж тансаг зэрэглэлийн автомашиныг импортоор оруулж иржээ. Бүртгэлийн дансанд эргэж бүртгэгдээгүй автомашины тоо одоогоор 284 ширхэгт хүрээд байгаа бөгөөд ихэнх нь ланд крузер, форд, мазда, пажеро юм байна. Цагдаагийн тусгай багийнхан өчигдөр нэг машин олсон боловч эвдэрч хэмхэрсэн байжээ. Тус улсад АПЕК-ын чуулганыг зохион байгуулах зардлын ирэнхийг нь Австрали Улс гаргаж, зочид төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангахын тулд Австрали, АНУ, Шинэ Зеланд зэрэг улсууд тусгай хүчнээ илгээж тусалж байсан юм.