Монгол улсын иргэн Ш.Алтантуяагийн амь насыг бүрэлгэсэн хэрэгт холбоотой хэмээн сэрдэгддэг Малайз Улсын экс Ерөнхий сайд Нажиб Разакыг их хэмжээний мөнгө угаасан хэргээр өнгөрсөн нэгдүгээр сарын 28-нд шүүхэд дуудагдсан билээ. Тэгвэл түүнд холбогдох шүүх хурал маргааш болохоор товлогдсон байна. Түүнийг төрийн өндөр албан тушаал хашиж байхдаа Малайзын сангийн яамны харьяа төрийн өмчит стратегийн хөгжлийн компаниас их хэмжээний мөнгө угаасан хэрэгт 2015 оноос сэжиглэж эхэлсэн юм. “1MBD-ийн хэрэг явдал” хэмээн нэрлэгдсэн тус хэрэг нь сүүлийн дөрвөн жилийн турш Малайзын улс төрийг донсолгож буй. Нажиб Разакыг стратегийн хөгжлийн тус компаниас 700 сая ам.долларыг хувийн дансандаа хийсэн гэж сэрдэгдсэн ч тэрбээр өөрийгөө буруугүй, хилс хэрэгт гүтгэгдэж байна хэмээн мэдүүлсээр ирсэн юм. Түүнчлэн Нажиб Разактай холбоотой 300 сая ам.долларын үнэлгээтэй сэжиг бүхий хөрөнгө, мөнгийг хууль хяналтынхан илрүүлсэн байдаг..
Шүүхэд түүний эсрэг нийт 42 гомдол, зарга ирснээс маргааш болох шүүх хурлаар долоог нь хэлэлцэхээр болжээ. Шүүх хурал дөхсөн энэ үед Нажиб Разакын өмгөөлөгчид 3000 хуудастай, гэрчийн мэдүүлэг, санхүүгийн тайлан бүхий бичиг баримтыг прокурорт илгээсэн байна.
Г.Алимаа
Сэтгэгдэл (1)