БНСУ-ын Цагаачлалын албанаас тус улсад хууль бусаар ажиллаж, амьдарч байгаа гадаадын иргэдийн тоог багасгах төлөвлөгөөний дагуу тус улсын цагдаагийн байгууллагатай хамтран ажиллахаар болсон байна. Энэ хүрээнд Солонгосын цагдаа нар гаднын иргэдийн мэдээллийг гар утсаараа шалган, саатуулах эрхтэй болжээ.
Солонгосын цагдаагийн ажилтнууд нь гадуур эргүүл хийж байхдаа албаны зориулалттай тусгай гар утас ашигладаг бөгөөд уг утсаар дамжуулж тухайн иргэний бүх мэдээллийг үнэн зөв эсэхийг шалгах боломжтой юм байна.
Тодруулбал, өнгөрсөн нэгдүгээр сарын 25-ны өдрөөс цагдаагийн ажилтнуудын тусгай гар утсанд тус улсад ажиллаж, амьдарч байгаа гадаадын иргэдийн мэдээлэл давхар байршуулсан байна. Ингэснээр цагдаагийн бүх шатлалын ажилтнууд гадаадын иргэдийн биеийн байцаалтыг утсаараа шалгаж, хэрвээ бичиг баримтын зөрчилтэй бол шууд саатуулах эрхтэй болжээ.