ОХУ-ын хууль хяналтын байгууллагад байшин барилгад тэсрэх бөмбөг суурилуулсан гэх дуудлага, мэдээлэл өчигдрөөс хойш гурав дахь удаагаа иржээ. Тодруулбал, өчигдөр Өмнөд Сахалинск хотод тэсрэх бөмбөг тавьсан гэх дуудлага ирсэн тул оршин суугчдыг нүүлгэн шилжүүлсэн байна. Тэгвэл Улаан-Үүд, Эрхүү хотуудад мөн л тэсрэх бөмбөг байршуулсан гэх дуудлага мэдээлэл иржээ.
Үүний дагуу оршин суугчдыг яаралтай нүүлгэн шилжүүлэх ажиллагаа хийгдэж байна. Улаан-Үүдийн Хотын захиргаа, Засгийн газар, Ардын хурал зэрэг төрийн байгууллагуудын байрнаас ажилтнуудыг гаргасан бол Эрхүү хотод зургаан эмнэлгээс ажилтан, өвчтөнүүдийг нүүлгэн шилжүүлжээ. Хууль хяналтын байгууллагын төлөөлөгчдийн хэлснээр тэсрэх бөмбөг байрлуулсан гэх мэдээлэл өнөөдөр өглөөнөөс эхэлж цацагдсан байна. Гэхдээ тэсрэх бөмбөг үнэхээр байгаа эсэх бодит мэдээллийг цагдаагийн газар өгөөгүй аж.
Г.Алимаа