Монгол Улсын иргэд Калифорни мужийн Авто тээврийн газрын салбаруудад жолооны дүрмийн шалгалт өгөхдөө Монгол хэлний орчуулагчийн дэмжлэгийг авах боломжтой боллоо.
Тодруулбал, Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий Консулын газар, АНУ-ын Калифорни мужийн Авто тээврийн газартай хамтран иргэдэд эх хэлээрээ жолооны дүрмийн шалгалт өгөх боломжийг бүрдүүлсэн байна. Ингэхдээ Монгол хэлний орчуулгын үйлчилгээг үнэ төлбөргүй авах бөгөөд Калифорни мужийн Авто тээврийн газрын ажлын цагийн хуваарын дагуу 1-800-777-0133 дугаарт хандан орчуулгын үйлчилгээ авах хүсэлтийг уламжилж, урьдчилан цаг тохирох аж.
Хэрэв дээрх газраас тус үйлчилгээг үзүүлэхээс татгалзвал Сан Франциско хот дахь Ерөнхий консулын газарт хандах юм байна.
Б.Лхам