1953 онд ДНХ-ийн бүтцийг нээсэн ажлаараа доктор Фрэнсис Крик, Розалинд Фрэнклин нарын хамт Нобелийн шагнал хүртэж байсан Доктор Уатсон хүний оюуны чадавхи удам угсаатай нь холбоотой гэсэн мэдэгдэл хийсэн юм.
90 настай эрдэмтний энэ мэдэгдлийн дараа түүний олон жил удирдсан Нью Йоркийн нэр хүндтэй “The Cold Spring Harbor Laboratory” өнгөрсөн хугацаанд олгосон бүх цол хэргэмийг нь цуцлах шийдвэр гаргасан байна. “Доктор Уатсоны мэдэгдэл бол буруу. Шинжлэх ухаанаар батлагдаагүй. Энэ бол манай лабораторийн ажилтан, оюутнуудын байр суурь биш юм. Шинжлэх ухааныг буруугаар ашиглаж байгаад харамсч байна” гэж мэдэгдэлд дурдсан байна.
Доктор Уатсон нь 2007 онд Сандэй Таймс сонинд өгсөн ярилцлагадаа Африкийн хөгжилд итгэдэггүйгээ илэрхийлж “Учир нь өнөөдөр нийгмийн бүх бодлого тэднийг бидэнтэй адил оюун ухаантай гэсэн үзлээр хэрэгжиж байна. Гэтэл үнэндээ бодит байдал дээр тийм биш юм. Хар арьст ажилтантай ажиллаж байгаа хүмүүс жинхэнэ үнэнийг мэдэж байгаа” гэжээ. Тухайн үед доктор Уатсон уучлал гуйснаар хэл амнаас салж байв. Гэтэл саяхан гарсан баримтат кинонд тэр үзэл бодлоо өөрчлөөгүй байгааг дахин баталжээ. PBS (Public Broadcasting Service) сувгийн “American Masters: Decoding Watson” хэмээх шинэ баримтат кинонд ярихдаа тэрбээр “Хар болон цагаан арьст хүмүүсийн IQ тестийн дундаж оноо хол зөрүүтэй байдаг.
Үүнийг би генетиктэй холбож тайлбарлана” гэсэн байна. Тэрбээр өнгөрсөн оны аравдугаар сараас хойш эмнэлгийн асаргаанд байгаа бөгөөд “PBS” сувгийнхан өнгөрсөн зун түүнтэй ярилцлага хийж байсан гэнэ.
Сэтгэгдэл (7)