Индонезийн Ява, Суматра арлыг ниргэсэн цунамийн гамшигт өртөн амь үрэгдсэн хүний тоо багаар тооцоход 280 давжээ. Харин гэмтэж бэртсэн хүний тоо 1000 хол давсан тухай тус улсын Онц байдлын албанаас мэдээлсэн байна. Өнгөрсөн бямба гаригт тохиосон энэхүү гамшигт үзэгдэл Индонезийн Сунда хоолойн орчимд, Анак Кракатау хэмээх галт уул дэлбэрсэнээс болж тэнгисийн гүнд үүссэн хөрсний гулгалтаас үүдэн нүүрлэсэн билээ.
Гамшгийн улмаас хэдэн зуун барилга байшин сүйдэж, мянга мянган хүн орон гэргүй болоод байна. Цунамид гурван мужийн нутаг дэвсгэр өртсөнөөс Бантен мужийн Пандэгланг хэмээх тойрог хамгийн их хохирол амсчээ.
Анак Кракатау буюу Кракатоагийн хүү нэрт галт уул нь 1883 оны Кракатоа уулын дэлбэрэлтээс хагас зууны дараа тэнгисийн уснаас гэнэтхэн гарч ирсэн жижигхэн арал-галт уул юм. Ойр ойрхон дэлбэрдэг энэ уул сүүлийн зургаан сар маш идэвхтэй байгаа аж.
Л.Сайнаа