УИХ-ын өнөөдрийн нэгдсэн чуулган 10 цагаас эхэлж 28 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх бөгөөд энэ үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга хаалттай мэдээлэл хийхээр товлогдсон. Мөн үүнээс гадна Ерөнхий сайд У.Хүрэлсүх Мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримталж буй бодлогын хэрэгжилт, бэлчээр ашиглалтын талаарх мэдээллийг хүргэх юм.
Мөн энэ долоо хоногийн УИХ-ын нэгдсэн чуулганаар ХХААХҮ-ын сайдыг томилох, ЗТХ-ийн сайдыг чөлөөлөх, БСШУС-ын сайдыг огцруулах болон ирэх оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхлэх Төрийн албаны тухай хуультай холбогдох тогтоолын төслүүдийг хэлэлцэх мөн Ашигт малтмалын тухай, Нотариатын тухай, Эрүүл мэндийн тухай, Шуудангийн тухай, Хэмжил зүйн тухай хуулийн төсөл зэрэг хэлэлцэх олон чухал асуудал хөвөрсөөр байгаа юм.
Гэвч өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулган хуралдах уу гэдэг эргэлзээтэй байгаа юм. Тодруулбал, гишүүдийн ирц хүрээгүй гэдэг шалтгаанаар УИХ-ын нэгдсэн чуулган өчигдөр тав дахь удаагаа хойшилж, хэлэлцэн шийдвэрлэх олон чухал ажил хоцрогдсоор байна.
Одоогоор УИХ-ын 75 гишүүнээс гадаад томилолттой зургаа гишүүн, орон нутагт ажиллаж байгаа нэг, эмнэлгийн чөлөөтэй нэг, албан ёсоор чөлөө авсан нэг гишүүн байгаа талаар өчигдөр хуралдаан даргалагч болох УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан мэдээлсэн. Тэгвэл УИХ-ын нэгдсэн чуулганд 66 гишүүн сууж асуудлыг хэлэлцэх боломжтой байгаа ч тэдэнд нийгмийн асуудлаас илүү сандал суудлын асуудал нь чухал байгаа бололтой. Угтаа тэд олон нийтийн төлөөл болж нийгэмд үүсээд байгаа олон асуудлыг шийдвэрлэх үүрэгтэй хүмүүс.
Сэтгэгдэл (4)