“Тиффанид барьсан өглөөний зоог”, “Ромд өнгөрүүлсэн амралт” зэрэг киногоороо нэрд гарсан, өнгөрсөн зууны хамгийн алдартай эмэгтэй жүжигчдийн нэг Одри Хепбернийн үзэсгэлэн БНХАУ-ын нийслэл Бээжин хотод нээлтээ хийлээ. “Beyond Time” нэртэй энэхүү үзэсгэлэн 2019 оны хоёрдугаар сарын 20 хүртэл үргэлжлэх юм. Шанхайн “Calanstar Culture” компаниас гаргаж буй үзэсгэлэнд жүжигчний хувцаслалт, үс засалтын хэв маягийг харуулсан үзмэр, хувийн эд зүйлс, уран бүтээлдээ ашиглаж байсан эдлэлүүдийг үзмэр болгон дэлгэсэн байна.
Гоо үзэсгэлэн, загварын мэдрэмж, хувцаслалтаараа дэлгэцийн ертөнцөд төдийгүй загварын урлагт ч өөрийн гэсэн хэв маягийг тодорхойлсон Одри Хепбернийн хүмүүнлэг, сайн үйлсийн аяны талаарх мэдээллүүдийг ч энэхүү үзэсгэлэнгээс тольдох боломжтой ажээ. Жүжигчин 1989 онд ЮНИСЕФ-ийн сайн дурын элч болсон бөгөөд хөгжил буурай орнуудын хүүхдүүдэд туслах аянд гар бие оролцож байсан билээ. Бээжин хотын Чаоян дүүрэгт нээгдсэн энэхүү үзэсгэлэнг ажлын өдрүүдийн 10-22 цагийн хооронд үзэж сонирхох боломжтой.
Л.Сайнаа