Гар утас, цахилгаан хэрэгсэл үйлдвэрлэгч “Huawei Technologies” компани цахим орчинд аюулгүй байдлыг хангах, хэрэглэгчдийн мэдээллийн хамгаалалтыг сайжруулахад ирэх таван жилийн хугацаанд хоёр тэрбум ам.доллар зарцуулахаа мэдэгдсэнийг “China Daily” мэдээлэв. Үүрэн телефоны тавдугаар үеийн хэмээгддэг 5G сүлжээний технологийн гэрээг байгуулсныхаа дараа ийн мэдэгдэж буй нь компанийн найдвартай байдлыг харуулах, нөгөө талаас хэрэглэгчдийн итгэлийг хүлээхэд чиглэсэн арга хэмжээ гэж ажиглагчид онцолж буй.
Зах зээлд нийлүүлж буй ухаалаг гар утас, таблетынхаа хэмжээгээр дэлхийд тэргүүлэгчдийн нэг “Huawei” компани энэ онд 100 тэрбум орчим ам.долларын орлого олсон нь өнгөрсөн оныхтой харьцуулахад 8.7 хувиар өссөн үзүүлэлт ажээ. Хэрэглэгчдийг мэдээллийг хамгаалах систем нь төдий л сайн бус гэсэн шүүмжлэл нэг бус удаа гарсны дараа цахим орон зай дахь аюулгүй байдлыг хангах, хакеруудын дайралтаас сэргийлэх технологид ийн хөрөнгө оруулахаа тэд мэдэгдлээ. Тус компани бүтээгдэхүүнээ дэлхий даяар 170 цэгт 13 мянган гэрээт борлуулагчаар дамжуулан худалдаалдаг.
Л.Сайнаа