Хөдөлмөрийн Үндэсний намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэд “Төрөөс төрсөн тэрбумтнууд орлогоо нотол” гэх хөдөлгөөнийг өрнүүлж байгаагаа хэллээ.
Мөн хууль хяналтын байгууллагынхантай хамтран ажиллахаар болсон аж. Уг хөдөлгөөнийг УИХ-ын 76 гишүүнээр эхлүүлнэ гэв. ХҮН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Гантулга “Өнгөрсөн долоо хоногт Цензургүй яриа нэвтрүүлэгт орсон УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат 2 тэрбум төгрөгийн байр авсан. Үүний 750 орчим сая төгрөгийг өмнөх байраа зарж, 350 орчим сая төгрөгийг эхнэрийнхээ компанийн тоног төхөөрөмжийг зарж борлуулан олсон бөгөөд 150 мянган долларыг Чингис хаан банкнаас авч одоогийн байраа авсан гэж олон нийтийн сүлжээгээр хэлсэн. Эдгээрийг нэмээд үзэхээр 500 орчим сая төгрөг дутаад байгаа юм. Тиймээс эхний ээлжинд баримттай, өөрөө ярьсан учраас Ж.Мөнхбат гишүүнийг орлогоо нотол шаардлагад дуудаж байна. Өөрөөр хэлбэл, энэ дутсан 500 сая төгрөгөө нотлооч гэдэг шаардлагыг тавьж байна.
Мөн сөрөг хүчин болох Ардчилсан намын гишүүдийг харлаа. Хамгийн түрүүнд намын дарга С.Эрдэнэтэй танилцлаа. С.Эрдэнэ ХОМ дээр мэдүүлснээр бидний эзэмшиж байгаа Эрдэнэс тавантолгойн 1072 хувьцаанаас өөр ямар ч компанид хувьцаа эзэмшдэггүй, бизнес эрхэлдэггүй хүн юм байна. Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан сургалтын төю гэж эхлүүлээд дараа нь “Шонхор тоур” болоод, дараа нь Ардчиллын өргөө болчихсон. Үүнтэй холбогддог юм байна. Түүнчлэн “Тамир” гэж групп байна. Тодруулбал, “Гурван тамир” сургууль, “Их тамир” ахмадын сувиллын газар, мөн Хандгайтад дөрвөн давхар байртай гээд энэ бүх мэдээлэл цахим сүлжээнд байна. Баабар сэтгүүлч энэ талаар бичжээ. С.Эрдэнэ энэ мөнгийг нийгмийн даатгалын сангаасаа мөнгө завшаад баяжсан гээд ил тод хэлчихжээ. Тэгэхээр Ардчилсан намын дарга С.Эрдэнийг энэ орлогоо нотлооч. Та ХОМ дээрээ ямар ч компанийн хувьцаа эзэмшдэггүй, бизнес эрхэлдэггүй гэжээ. Ингэж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн орлоготой байгаа гишүүдийг ээлж дараагаар, системтэйгээр авч явах хөдөлгөөнийг эхлүүлж байна” хэмээн ярьлаа.
Ингээд бусад холбогдох асуудлын талаар ХҮН-ын удирдах зөвлөлийн дарга Т.Доржхандаас тодрууллаа.
-Дээрх нэр дурдсан гишүүд та бүхний шаардаж байгаагаар орлогоо нотлохгүй бол яах вэ?
-Ямар ч байсан орлогоо нотол гэх үзэл санаа зөв юм. Бид үүнийг тууштай хийнэ. Мөн хууль хяналтын байгууллагатай хамтарч ажиллахаар урьдчилсан байдлаар тохироод байгаа. Бид энэ айдлаар тууштай явна. Хөдөлмөрийн үндэсний нам хоёр жил шахуу шүүхээр явсан. Бүх процедураар явсан. Тиймээс бидэнд туршлага байна. Хуулийн байгууллагатай яаж ажиллахаа сайн мэдэж байгаа. Хоёрдугаарт, улстөрчидтэй бид хатуу тэмцэнэ. Жижиг, дунд үйлдвэр гээд явсан. Сүүлдээ 60 тэрбум болоод энэ асуудал дарагдах байдалдаа орж байх шиг байна. Тий юм байхгүй. Өнөөдөр маш том хулгайнууд ард талд нь байгаа. Концессын асуудлууд байна. Мөн үнэ тогтворжуулалтын хулгай, бондын хулгайнууд байна. Энэ бүх хулгай чинь хэдэн их наядаар хэмжигдэх мөнгө. Гэвч гарч ирэхгүй байна. Яагаад гарч ирэхгүй байна гэхээр бид системтэйгээр санхүүгийнх нь шинжилгээг хийж чадахгүй байна. Тиймээс тэр системийг нь олон нийтэд ил болгоно. Тооцооллыг бид өөрсдөө хийнэ. Нотол гээд ирэхэд зарим нь нотлоход бэлэн хүмүүс байгаа. Тийм учраас нийгэм шахна, бид бас шахна. Үр дүнд нь нотлохоос өөр арга байхгүй. Нотлохгүй тохиолдолд хуулийн байгууллага нь цааш нь хариуцлагыг нь хүлээлгэнэ гээд урьдчилсан байдлаар ярьсан зүйл байгаа. Бид үр дүн гарна гэдэгт итгэж байна.
-Яаж тэмцэх юм бэ?
-Нийт Их Хурлын гишүүдийн 50 орчим хувь асуудалтай гэж хардаж байгаа. Маш олон улстөрчид ярьж байна. Бид хөлсөө дуслуулаад бизнес хийгээд явж байтал тойрог дээр очоод бид хоёр, гурав дахин илүү мөнгийг төрд ажиллаж байсан, арван хүн ч ажиллуулж үзээгүй хүмүүс цацаад байна. Энэ чинь шударга юм уу. Ийм нийгэмд бид яаж улстөр хийх юм бэ. Бид нараас илүү мөнгийг энэ хүмүүс цацаад байгаа энэ хүмүүсийн орлого нь хаана байгаа юм бэ. Хаанаас гаргаж ирэх юм бэ гэдэг асуултын тэмдэг яваад байна. Үүнийг бид тооцооллоороо гаргаж ирнэ. Бүх эх сурвалжуудыг ашиглана. Санхүүгийн гүйлгээнүүд бүгдээрээ мөртэй байдаг. Санхүүгийн мэдээллийг ил тод болгох чиглэлээр бид ажиллана. Энэ чиглэлээр бид туршлагатай хүмүүс байгаа юм.
-Саяхан С.Эрдэнийн хүүгийн ярилцлага гарсан. ХҮН-ыг байгуулаагүй, худалдаж авсан гээд. Үүнтэй холбоотойгоор С.Эрдэнийн асуудлыг хөндөж байгаа юм болов уу гэж бодож байна?
-ХҮН анх байгуулагдах үеэс Ц.Элбэгдоржийн нам, ард талд нь Х.Баттулга байгаа. MCS-н нам, сүүлийн үед М.Энхболдын нам гээд маш их харлуулдаг. Яг үнэндээ бол бид сонгуульдаа ч оролцож чадаагүй шүү дээ. Тэр хүмүүсийн зохион байгуулалттайгаар хийсэн харлуулах ажил тасралтгүй явагдаж байгаа. ХҮН-ын рейтинг 12 хувь руу ороод ирэхээр бүх талаас биднийг харлуулдаг байсан. Өнөөдөр 8 хувь руу ороод ирэхээр ээлжит харлуулах ажиллагаа эхэлж байна. С.Эрдэнэ гэдэг хүний хувьд маш болхи байдлаар эхлүүлж байх шиг байна. Өөрийнхөө хүүхдээр эхлүүлж байна. Бид бол үүнийг даваад өнгөрчихсөн юм. Ийм харлуулдаг, энэ тэндээс дайрдаг ийм ажлуудыг давсан. Үүнд бид ач холбогдол анхаарал өгөхгүй. Бидний өмнө маш олон ажлууд байна.
Б.Лхам
Сэтгэгдэл (2)