Сүүлийн хэд хоног гишүүдийн хэрүүл маргаан намжих нь уу гэж чих тавин суусан олон иргэдийн итгэлийг МАН-ын дотоод хагарал эвдлээ. Учир нь Засгийн газрыг огцруулна гэх асуудал ихээхэн маргаан дагуулж, нийгмийг хоёр хуваасан асуудал шийдэгдсэн. Эцсийн дүнд ард түмний талд шийдэгдсэн юм. Цахим хуудас дахь сэтгэгдлүүдийг ажихад, Засгийг үлдээх нь зөв гэсэн иргэдийн байр суурь давамгайлж байсан юм.
Энэ нь олон шалтгаантай байсан. Хамгийн гол нь Засаг унасан бол олон улсын итгэл алдарахаас гадна, хөрөнгө оруулагчид хүртэл дайжих байв. Ингэснээр манай улсын эдийн засаг хүртэл одоогийнхоосоо илүү тогтворгүй, дорой болох байсан гэж учир мэдэх хүмүүс хэлж байсан юм.
Харин У.Хүрэлсүхийн Засгийн газрыг авч үлдсэнээр улс төрийн байдал дээрдэх байх гэж олон хүн харж суулаа. Гэсэн ч улам дордсоор. Гишүүдийн хувийн зөрчил улс төржиж ёстой л нөгөө “гацаа” гэх зүйл нь болоод буй. Өнөөдөр гэхэд УИХ-ын чуулганы ирц бүрдээгүйн улмаас хуралдсангүй. Мөн өчигдрийн үдээс хойшхи хуралдааны ирц хүрээгүйгээс үүдэн мөн л хуралдаж чадаагүй. Шийдвэрлэгдэх ёстой чухал асуудлууд хойш тавигдсаар. Уг нь төрийн хямрал гээч зүйлийг шийдэхэд бэрхшээлтэй зүйл байхгүй. Хямрал ч биш л дээ. Өш хонзон, албан тушаал, идшээ булаалдсан үйлдэл нь даамжирсаар ийн байдалд хүргэсэн хэрэг.
Өчигдөр гэхэд л УИХ-ын гишүүн Л.Болд, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ нарын гишүүд суулт зарлаж, чуулганы хуралдааныг хурал биш болгож байгаа харагдсан. Тэдний хэлж заншсанаар төрийн гацаа болж байгаа хүмүүс УИХ-д олон бий. Хамгийн гол нь тэмцэлдэж суухаасаа илүү явуулахыг нь явуулаад ажлаа хиймээр байна. Хэлэлцэх ёстой чухал асуудлаа шийдэх хэрэгтэй. ХХААХҮЯ лав сайдгүй бүтэн сар болчихлоо шүү дээ. Шийдэх ёстой асуудал их байхад хуралдаа суухгүй гээд “бүдүүн” зан гаргаад яваад байдаг. Дээдэх нь суудлаа олохгүй бол, доодох нь толгойгоо олохгүй гэдэг үг байдгийг сана. Яг үнэндээ өнөөдрийн цаг төрийн байдал ийм л байна.
Ард түмнээс сонгогдож, хийж бүтээнэ гэж гарчихаад хэрүүл тэмцлээ нэг тийш нь болгоод ажлаа хиймээрсэн. Намын хагарал, бутрал улсыг туйлдуулж гүйцлээ.
Засгийн газраас хүлээх хүлээлт их байгаа шүү. Хатуухан хэлэхэд та нар ард түмнийхээ хайр энэрлээр уналгүй тогтож үлдсэн шүү. Тийм ч учраас их зүйлийг хийж бүтээх байх гэсэн хүлээлт их байгаа. Жилийн жилд ярьдаг утааны асуудлаас эхлээд. Өглөө, оройдоо үзэгдэх орчин хүртэл хязгаартай. Та нарыг Төрийн ордонд хэрүүл хийгээд сууж байх хооронд чинь утааны асуудал хэцүүдлээ. Ямар ажил хэрэгжүүлэх гэж байна. Утаа шүүгч гэж л битгий хэлээрэй. Яагаад гэхээр яндан дээрээ утаа шүүгч суурилуулчихаар утаа сорох нь багасна. Үүнээс болон гэрийн халаалт муудна гэсэн үг. Мэдээж гэрээ халаахын тулд айлууд аваад л хаяна шүү дээ. Дэмий мөнгө үрсэн хэрэг байгаа биз.
Харин иргэдийн хүлээлт болоод байсан шатахууны үнэ 100 төгрөгөөр буужээ. Энэ Засгийн газарт яг үүн шиг хийх юм зөндөө байна. Тухайлбал, Цахилгаан станцуудын ачаалал нэмэгдэж байгаа. Өчигдрийн байдлаар эрчим хүчний ачаалал 1009.27 мВт-д хүрсэн гэж байгаа. Цаашид ч нэмэгдэх төлөвтэй байгаа гэсэн шүү. Харин манай улсын эрчим хүчний нийт суурилагдсан хүчин чадал 1200мВт. Мөн л зайлшгүй анхаарч ажиллах шаардлагатай байна.
Ер нь гишүүдийн амин сүнс нь мөнгө, эрх мэдэл, албан тушаал аж. Асуудлын гол нь хэдэн “хар хэрээ” бие биеийнхээ харыг гайхахад л оршиж байгаа юм. Хар мөргүй гишүүн гэж бараг үлдээгүй учраас л тэр юм. Анх сонгогдохдоо хэдэн “цагаан хун”-гууд л байсансан. Улс төрийн хөөтэй тогоог их өнгийхөөр ийм л болдог аж.
Б.Лхам
Сэтгэгдэл (2)